ИРГЭДЭД ХҮРГЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2021 оны 01-р сарын 05, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Төрийн байгууллагуудад хандан төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж ил тод, хариуцлагатай ажиллах, ажлын бүтээмжийг сайжруулах талаар үүрэг чиглэл өгч, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дугаар захирамж гаргалаа.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Бауыржан Засаг даргын дэргэдэх зөвлөл, хэлтэс, агентлагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, захирамжийг танилцуулан хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.


Тодруулж хэлбэл: Ажилгүйдэл, авилга, хээл хахуул, хүнд суртлыг зогсоох, ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд аймгийн Засаг даргад танилцуулж зөвшилцөн иргэдийн дундаас амьдрал ахуйг харгалзан томилох, шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, мөн амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд дэмжлэг үзүүлж улирал бүр тайлан мэдээ ирүүлж байхыг тус тус үүрэг болголоо.

Н.Ерлан
2021.01.05


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДӨР 01 ДУГААР ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

1. Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын сахилга, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллахыг аймгийн хэмжээний төрийн захиргааны болон үйлчилгээний бүх шатны дарга, захирал, эрхлэгч, албан хаагчдад үүрэг болголоо:

1.1. Төрийн албанд шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс төрөөс ангид байж, чадахуйн /мерит/ тогтолцоог бүрдүүлэх;

1.2. Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх;

1.3. Иргэдэд хүнд суртал, бухимдал, чирэгдэл, ёс зүйн доголдол, ялгаварлан гадуурхалт гаргахгүй тэгш үйлчлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол явуулж, үйлчилгээний доголдол, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжуудад заасны дагуу хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байх арга хэмжээ авч ажиллах;

1.4. Төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаандаа шуурхай шийдвэрлэж, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг сар бүрийн 25-нд байгууллагын удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх, цаашид өргөдөл, гомдлыг хугацаанд нь бодитой шийдвэрлэж хэвшүүлэн дутагдал гаргасан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах;

1.5. Ажилтан, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын байрны дэг журам, сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын бүтээмжийг сайжруулж, өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хугацаанд нь шуурхай хэрэгжүүлж, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах;

1.6. Байгууллагын удирдлага, ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөө болон хөдөлмөрийн гэрээг улирал, хагас, бүтэн жилээр тогтмол дүгнэх, ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, хянах болон цалин хөлс, урамшуулал олгох, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;

1.7. Төрийн бүх шатны байгууллагын ажлын байрны сул орон тоон дээр тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын талаарх шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгож, нийтэд мэдээлэх, шинээр ажилд авахдаа сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, хөндлөнгийн нөлөөгүй, шударга явуулах, сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагааг иргэдийн хөндлөнгийн хяналтын дор хэрэгжүүлэх;

1.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал, чанар, хугацаа, үр дүнд онцгойлон анхаарч, олон нийтийн оролцоонд тулгуурласан хяналтыг сайжруулан, хууль тогтоомжид заасан лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олголт, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох ажлыг нийтэд ил тод, шударга, цахимаар нээлттэй болгон зохион байгуулж ажиллах;

1.9. Төсвийн зардлыг хэмнэж, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан дахин давтахгүй байх, өр авлагыг барагдуулах, аймаг, сум орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх санг зориулалтын дагуу зарцуулах;

1.10. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүрт хариуцуулсан нэн ядуу, эмзэг бүлгийн айл өрхүүдэд байнга туслан дэмжлэг үзүүлэн улирал бүр аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлангаа ирүүлж байх;

1. Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтсүүдийн үйл ажиллагааны зорилго, зорилтуудын биелэлт, хуулиар хүлээсэн эрх, үүргүүдийн хэрэгжилт, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүдийн биелэлт, төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл бусад байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичиг, санал, хүсэлтийн шийдвэрлэлт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт зэргийг сар бүр дүгнэх үзүүлэлтүүдийг тодорхой болгож, эдгээр ажлуудын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан ажилтнуудад цалин хөлс, урамшуулал олгох, хариуцлага тооцох журмыг боловсруулан биелэлтийг нь хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Х.Тилеген/-д үүрэг болгов.

2. Ерөнхий боловсролын сургалтын чанар, удирдлагын менежментийг сайжруулах зорилгоор судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, орон нутгийн онцлогт нийцсэн цогц бодлогыг боловсруулан ажиллахыг Боловсрол, соёл, урлагийн газар /Х.Зауре/-д үүрэг болгов.

3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийг иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх нэгдсэн цахим тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавх, эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг Эрүүл мэндийн газар /С.Айгүл/, Нэгдсэн эмнэлэг /Х.Манчук/-т тус тус үүрэг болгов.

4. Тэтгэмж олгох, группд гаргах асуудалд танил тал харах, авилга, хээл хахууль авах, өвчтэй иргэд бус эрүүл иргэд тэтгэмж авдаг байдлыг таслан зогсоож, цаашид тэтгэмж олгох, группд гаргах үйл ажиллагааг ил тод, шударга, шилэн тогтолцоонд шилжүүлж, хүндрэл, чирэгдэлгүй шийдвэрлэх тогтолцоог бий болгохыг аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүдэд үүрэг болгов.

5. Ажилгүй иргэдийн судалгааг аймгийн хэмжээнд тодорхой гаргаж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа иргэдийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг ахиулах, давтан мэргэшүүлэх зорилгоор улсын чанартай боловсролын байгууллагуудад сургалтад хамруулах замаар Улаанбаатар хотод болон улсын хэмжээний төмөр зам, эрчим хүч, барилга, уул уурхай зэрэг бүтээн байгуулалтуудад ажиллуулах замаар ажилгүйдлийн түвшинг үе шаттайгаар бууруулах талаар бодлого гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллахыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /Б.Сьезхан/-д үүрэг болгов.

6. Захирамжийн нэгдүгээр зүйлд заасан заалтуудын биелэлтийг улирал бүрийн сүүлчийн сарын 25-нд, хоёр, гурав, дөрөв, тав, зургаадугаар заалтуудын биелэлт, үр дүн хэрэгжилтийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлж байхыг байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгов

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөл болон удирдах ажилтнуудын өглөөний шуурхай дээр улирал тутам танилцуулж байхыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Х.Тилеген/- т даалгав.