ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨНӨӨДРӨӨС ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛЬЕ

2021 оны 01-р сарын 13, 00:00

Баян-Өлгий аймаг нь статистик мэдээгээр 110 мянга гаруй хүн амтай. Үүний 40 орчим хувь нь Өлгий суманд амьдардаг. Жил ирэх тусам Өлгий хотын хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нэмэгдэхээс гадна иргэд хог хаягдлаа зориулалтын бус газар асгаснаас шалтгаалан хур хогийн талбай улам тэлэх болсон.
Олон жил хуримтлагдсан хог хаягдлын улмаас хөрс доороос нь шатаж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл урт хугацаанд задардаггүй, устаж үгүй болдоггүй хог хаягдал нь олон төрлийн өвчин үүсгэх нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хөрс, цаашлаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Үүнээс гадна Өлгий нисэх буудлын аэродромын хамгаалагдсан бүсийн ойр орчимд хог хаягдал, нядалсан малын сэг зэмийг ил задгай хаяснаас болж элээ шувуу их хэмжээгээр цугларч нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Тиймээс хог хаягдлыг төвлөрсөн нэг цэгт төвлөрүүлж, эмх цэгцтэй зохион байгуулалтад оруулах, төвлөрсөн хогийн цэгийг аймгийн төвөөс нүүлгэх ажлыг орон нутгийн зүгээс үе шаттайгаар эхлүүллээ.
Өчигдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан, Засаг даргын ордогч Ш.Хавыл, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Бугат сумын Засаг дарга А.Жамбыл, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат, Өлгий нисэх буудлын дарга К.Ержан болон бусад албаны хүмүүс хог хаягдлыг төвлөрсөн нэг цэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус хог хаягдлын төвлөрсөн цэгийг өнгөрсөн онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 50 сая төгрөгийн дэмжлэгээр хашаажуулж харуулын байр, хяналтын камер суурилуулсан байна. Гэвч Өлгий хотод хог хаягдлын төвлөрсөн цэг аймгийн төвд ойрхон байршсанаас болж зун нь өмхий үнэр гарч хавар намар нь хог шороо нь салхинд хийсч иргэд орчин суугчдын амьдрах орчныг бохирдуулаад байгаа. Хогийн цэгт хаясан хог хаягдлын дунд бидний хэрэглэдэг ЗГ-аас 2018 онд хэрэглэхийг хориглосон гялгар уут, өмхийрч үнэртсэн малын сэг зэмийг ил задгай хаясан байна. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар ил задгай хаясан гялгар уут нь байгальд шингэхдээ зарим тохиолдолд 400-гаас дээш жил болдог. Энэ хугацаанд нар салхины нөлөөгөөр жижиг хэсгүүдэд хуваагдаж шүлтлэг орчин үүсгэн хөрсийг үхжүүлж, хөрсний бүтэц, үржил шимийг үгүй хийж ус, агаарыг бохирдуулж экосистемийн тэнцвэрт байдыг алдагдуулдаг байна.
Энэ асуудлыг биечлэн танилцсан аймгийн удирдлагууд төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэж шинээр байгуулах, хуучин хогийн цэгийг дарж устгах, нөхөн сэргээлт хийх, иргэдийг хогийг ялгаж, ангилах дадал хэвшилд сургах, сав, шил, цаас, гялгар уут зэргийг ялгаж ангилах хог хадгалах зориулалтын өнгийн сав болон ангилан ялгалт хийсэн савтай хогийг цуглуулах, тээвэрлэх зориулалтын хогны машиныг нийлүүлэх, хогийг шахаж пресслэх байгууламж барьж, дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлуудыг яаралтай эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Түүнчлэн аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Бид өнөөдрөөр биш ирээдүйг төлөвлөж, цэвэр цэмцгэр аймаг, сумыг бий болгохын төлөө ажиллах ёстой. Өөдлөх айл үүднээсээ гэдэг иргэн бүр яг одооноос өөрчлөгдөх хэрэгтэй. Зөвхөн төр засгийн хийх ажил гэж ойлгож болохгүй. Иргэдийн оролцоотой, зөв менежментээр шийдэгдэнэ. Хүн төрөлхтөнд хор нөлөөтэй гялгар уут, хуванцар сав зэргээс татгалзаж, хогоо зориулалтын хогийн саванд ангилан хаяж дахин боловсруулах үйлдвэр байгуулж хамтран ажиллахыг иргэд, аж ахуй нэгжүүдэд уриалж байна гэв.
Мөн Бугат сумын Засаг даргатай тохиролцож, тус сумын нутаг дэвсгэрт шинэ хогийн цэг байгуулах газрын асуудлыг шийдлээ.
Дараагаар нь бидний хэлж заншсан ногоон хашааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, ус дамжуулах хоолойг сэргээж, ногоон хаашаа доторх модыг дахин үржүүлэх зэрэг үүргийг Өлгий хотын захирагч Д.Есболатад үүрэг болгов.
1980 онд төр нийгмийн зүтгэлтэн Б.Хурметбек агсны санаачилгаар үндэс суурь нь тавигдсан ногоон хашааны өнөөгийн байдал сэтгэл эмзэглүүлээд байна. Эрх мэдэлнүүд зарим газрыг танил тал, хамаатан садандаа олгосон нь харамсалтай байна.
Эцэст нь хэлхэд аливаа зүйлийг шүүмжилж бичихэд амар байдаг, өөрчлөлтийг өнөөдрөөс өөрсдөөсөө эхэлье. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгаж зориулалтын хогийн саванд хийж хэвшин, гудамж талбай, байгальд хаяхгүй байж, хүүхэд залууст зөв үлгэр дууриалал үзүүлэх нь бидний хүрээлэн буй орчинтой холбоотой чухал асуудал болоод байна.
Н.Ерлан
2021.01.13