ХОТ ТОХИЖУУЛАХ АЛБАНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2021 оны 01-р сарын 14, 00:00

Ард иргэдээс Өлгий хотын өнгө үзэмж, гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, хог хаягдал, нохойны асуудалд анхаарч ажиллах талаар санал ирүүлээд байгаа.
Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, А.Камелият, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ХОХБТХ-ийн дарга З.Болат нар Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат болон хот тохижуулах албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.
Тэрээр эхний ээлжинд төвийн бүсийн барилга байгууламжийн засвар, тохижилтыг сайжруулах төсөв, тооцоог гаргаж ажлаа төлөвлөх, хотын соёл, өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах орчинд муугаар нөлөөлж буй асуудлыг зургаар баталгаажуулан харьяа байгууллага, хариуцсан эзэд нь мэдэгдэж засаж сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн газар доорх шугам сүлжээний ажил хийсэн хэдий ч эвдэлж, нураасан зам, талбайгаа дахин сэргээн янзлаагүй, хэвийн байдалд нь оруулаагүй байгууллага аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад шаардлага хүргүүлж сэргээн засварлуулж дуусгахыг үүрэг болгов.
Мөн авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч нийтийн эзэмшлийн зам, талбай, авто болон явган хүний замын зорчих хэсгийг хааж хашаа татсан бол буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэж, мэдэгдэлд заасан хугацаанд хашааг буулгаагүй тохиолдолд хуулийн хүрээнд албадан чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж нийтийн эзэмшлийн орон сууц, гудамж, талбайг стандартын шаардлага хангасан хогийн сав пункертэй болгож, байнга ачиж цэвэрлэх, Өлгий хотын төвийн гэрэлтүүлгүүдийг шөнийн 1 цаг хүртэл асааж байхыг тус тус даалгалаа.
Н.Ерлан
2021.01.14