“ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ” ТӨСӨЛ ӨЛГИЙ СУМАНД ХЭРЭГЖИНЭ

2021 оны 01-р сарын 15, 00:00

Европын холбооны санхүүжилттэй Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа “Хамтдаа даван туулъя” төсөл Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хэрэгжихээр болж, төслийн нээлтийн ажиллагааг өнөөдөр цахимаар хийлээ.

Төслийн зорилго нь Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг нөхөн сэргээх, олон нийтийн даван туулах, дэмжлэг үзүүлэх бүтцийг сайжруулах, нэн эмзэг өрхүүд, эх, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, ариун цэврийн үйлчилгээний суурь хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
Өөрөөр хэлбэл цар тахлын улмаас орлого нь тасалдаж, хүнд нөхцөлд орсон Өлгий сумын эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг дэмжиж, тусламж үзүүлэх ба төсөл нийслэлийн 3 дүүрэг, Баян-Өлгий
Өвөрхангай аймгуудад 18 сарын хугацаатай хэрэгжих юм.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын НБХ-ийн дарга К.Бекжан нар оролцов.
Тэрээр нээлтийн ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлсэн үгэндээ "Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь хүүхэд бүрт амьдрах таатай орчин бүрдүүлэхийн тулд орон нутгийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран хөгжил, нөлөөлөл гэсэн чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Хүүхэд Хамгаалал, Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөр, сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг сайжруулах төслүүдийг 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл орон нутагтай хамтран хэрэгжүүлж байна. Энэ удаад цар тахал тархсан хүнд цаг үед эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг дэмжих чухал төсөл хэрэгжүүлсэнд талархал илэрхийлье. Бид хамтдаа даван туулах болно. Аймгийн зүгээс ажлын хэсэг байгуулах, төслийн хяналт үнэлгээ хийх, суурь судалгаа хийх, баг, өрх сонгох зэрэг ажлуудыг орон нутгийн хөтөлбөрийн менежер болон төслийн зохицуулагчтай нягт хамтран хэрэгжүүлэх болно" гэдгээ илэрхийлж, талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын захирал Б.Болорцэцэг үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
 
Н.Ерлан
2021.01.15