ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ХУР ТУНАДАС ОРУУЛАХ АЖЛЫН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2021 оны 02-р сарын 09, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга З.Болат нар УЦУОШТ-ийн дарга П.Жанаргүл, ХХААГ-ын дарга Б.Нургулан, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ш.Марат болон холбогдох бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө.
Тус аймагт өнгөрсөн намар хэт их дулаарсан, өвөл цас бага орсон учраас хуурайшилт ихтэй хавар болох төлөвтэй байгаа. Зундаа ган гачигтай байснаас бэлчээрийн хомсдолд орох, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутрах зэрэг мал, малчдад хүндрэл учирдаг юм. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүстэй уулзаж цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлын бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа. Мөн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв.
УЦУОШТ-ийн дарга П.Жанаргүл "Жил бүр 4-р сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд цаг агаарт нөлөөлөх ажлыг хийдэг. Үүл буудах пуужин бэлэн байгаа. Генераторын түлш дуусчихсан, түлшний асуудлыг холбогдох газарт нь уламжилж татах авах ажлыг хийх болно. Цаашид тогтоосон хугацаанд цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг эхлэх тухай шийдвэр гарвал хийхэд бэлэн гэлээ.
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, хүн, газрын техник хүрч ажиллахад хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой.
Н.Ерлан
2021.02.09