АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН БОЛОВСРОЛЫН САЛБАРААС ТӨРӨН ГАРСАН ГАВЬЯАТ БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021 оны 02-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын дүнгээр жил бүр хамгийн сүүлд буюу 21 дүгээр байрт жагсаж байна. Орон нутгаас энэ салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа хэдий ч өөрчлөлт ороогүй өдий хүрлээ.
Гэхдээ ийм байлаа гэж зүгээр өнгөрөөж болохгүй. Тиймээс энэ салбарыг ахиулахын тулд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт шат дараатай бодит ахиц дэвшил гаргах зорилт тусгагдаж, олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржан амьдралын их цаг хугацааг боловсролын салбарт өнгөрүүлсэн, нөр их хөдөлмөрөө сурган хүмүүжүүлэх их үйлсэд зориулж аймгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУ-ын гавьяат багш хэмээх эрхэм алдрын эзэд болж гавьяаны амралтаа эдлэж суугаа ахмад багш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан онцлох ажлуудыг болон боловсролын салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Үүний дараа гавьяат ахмад багш нар үг хэлж санал бодлоо илэрхийлэв. Тэд боловсролын салбар нийгмийн томоохон салбарт ордог. Нийгмийн боловсролгүй төсөөлөх боломжгүй. Гэвч улс төрийн тогтворгүй байдлаас болж боловсролын хөтөлбөр бүрэн хэрэгжихгүй байна. Засгийн эрх авсан аль нэг намын нөлөөллөөс үүдэн шат шатандаа доголдол үүсч байгаа. Нам дагасан, боловсрол тааруу хүнийг дарга, захирал, эрхлэгч, багшаар томилсноос болж байдал дээрдэхгүй байна. Тийм учраас хамгийн түрүүнд боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах, сургуулийн багш нарыг сонгон шалгаруулалтаар авдаг байх, “Сайн багшаас сайн сурагч төрдөг. Чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийн үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, хос хэлний боловсролыг сайжруулж, багшийн чадвар, ёс зүй, харилцааг сайжруулахад анхаарч ажиллах зэрэг саналуудыг хэлсэн юм.
Мөн багш бүр сурагчдад өгөөжтэй байж, хичээл тус бүрийнхээ хөтөлбөрийг гаргах хүүхдэд үглэж бус үлгэрлэж сургах, эцэг эх, багш, сурагч гэсэн гурвалсан холбоогоор ажиллах шаардлагатайг онцлон хэллээ.
Уулзалтын төгсгөлд аймгийн удирдлагууд цаг заваа гарган хүрэлцэн ирж, бодлогын чанартай үнэтэй санал хэлсэн явдалд талархал дэвшүүлж, сэтгэл зүрхээ өгч ажилласан салбарынхаа хөгжлийн төлөө хэлсэн саналыг бодлого, зорилгодоо уялдуулан ажиллахаа илэрхийлэв.
Н.Ерлан
2021.02.10