Том төрөөс, Ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжив

2014 оны 02-р сарын 28, 17:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс, Ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжиж Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2014 оны 02 сарын 28-ны өдөр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уг зөвлөлдөх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мантай нээж үг хэлсэн бөгөөд, ИТХ-ын дарга Б.Лазатхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн «Том төрөөс ухаалаг төр рүү»санаачлагыг “Орон нутагт хэрэгжүүлэх ерөнхий чиглэлүүд”, Засаг даргын  Тамгын газрын дарга Т.Манкей «Том төрөөс ухаалаг төр рүү» санаачлагын тухай, аймгийн Засаг дарга Х.Дармен “Аймгийн нийгэм, эдийн засгийг ухаалаг төрийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах” тухай илтгэлүүдийг тус тус тавилаа.

Аймгийн Засаг дарга Х.Дармен аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээ, хөгжлийн түвшинд харьцуулалт хийж, Баян-Өлгий аймаг аль түвшинд байгааг Нийгэм, эдийн засгийн судалгааны төвөөс гаргасан судалгаанд үндэслэн тайлбарлалаа. Мөн Сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нарын боловсролын түвшинг танилцуулж, түүнээс үүдэн гарч байгаа үр дагаврын талаар ярьж, хариуцлагагүй, хяналтгүй болсон эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагааг  болон бусад том төрийн шинжийг агуулж буй салбаруудыг шүүмжилж, шийдэх цаг аль хэдийнээ болсныг, үүнийг орон нутагтаа засахын тулд төрд зөвхөн шилдэг нь, шударга нь, чадвартай нь гэсэн зарчим барих, төрийн албаны шалгуурт тэнцэхгүй бол төрөөс явдаг болох, заавал төрд ирсэн хүн тэтгэвэрт гартлаа байх хэрэггүй, төр хүнд суртал бойжуулдаг асрамжийн газар биш гэдгийг санууллаа. 

Хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагуудын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр хийлгэх, хяналт үнэлгээг зөвхөн үр дүнд бус, үйл ажиллагааны явцад хийж засаж залруулдаг байх, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэх стандартын баримт бичгийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг юуны түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдлаа. 

 

Аймгийн Засаг дарга үг хэлж дууссаны дараа зөвлөлдөх уулзалт салбар хуралдаанаар үргэлжиллээ. Тодруулбал, Шийдвэр гаргагчдын салбар хуралдааныг аймгийн Засаг дарга Х.Дармен, ИТХ-ын нарийн бичгийн дарга К.Баймурат нар, Бизнес эрхлэгчдийн салбар хуралдааныг Засаг даргын Орлогч Н.Санатбек, ТЗУХ-ийн дарга Х.Мантай, СТСХ-ийн дарга Б.Шолпан нар, Орон нутгийн төлөөллийн салбар хуралдааныг Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей, Хууль зүйн хэлтсийн дарга Ө.Тиянах нар, Хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцох салбар хуралдааныг аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Кеншилик, Иргэний танхимийн зохицуулагч М.Мейрамбек, Олон нийтийн Радио, телевизийн захирал Р.Сураган нар тус тус хөтлөн явуулсан юм. Энэхүү салбар хуралдаануудаас гарсан зөвлөмжүүдийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уулзалтанд шийдвэр гаргах түвшний төлөөлөл, сумдын удирдлагуудын төлөөлөл, Бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Эрдэмтэн судлаачдын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим төлөөлөгчид оролцлоо.