Алтайханы Таван богд уулын тэнгэрийг тайх ёслолын ажиллагаанд Баян-Өлгий аймгийн засаг дарга Х.Дармений хэлсэн үг

2014 оны 07-р сарын 04, 13:00

АЛТАЙХАНЫ ТАВАН БОГД УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕНИЙ ХЭЛСЭН ҮГ

Дэлхийн хийморь болсон Төв Азийн ноён оргил Монгол Алтайн сүр жавхалант Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн их ёслол, тахилгад морилон ирсэн Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө!

Монгол төрийн түшээ УИХ-ын гишүүд, сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар аа! Хөрш зэргэлдээ аймгуудын удирдлагууд аа!

Энд хуран цугларсан эрхэмсэг ноёд хатагтай, бурханы шавь хуврагууд, хол ойрын зочид, нутгийнхаа зон олон та бүхэндээ их тахилгын сүүн сэтгэлийн мэндчилгээг хүргэж, сайн сайхан бүхэн дэлгэрч, саар муу бүхэн арилахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Нүүдэлийн соёл иргэншлийн хувьд эх байгалиа шүтэн бишрэх, байгальтайгаа зохицон амьдрах арга ухааны олон зууны тэртээгээс өнөө болтол уламжлагдан ирсэн нь уул овооны тахилга тайлга билээ. Төв Азийн нүүдэлчид бид хүний хүсэл тэмүүлэл байгальд нөлөөлдөг гэж итгэдэгээс гадна уул усаа тахих нь хүний сэтгэл санааг засах, хийморь лундааг сэргээх ариусгал хэмээн үздэг ээ. Энэ нь нэн эрт үеэс өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн зан заншлын нэг хэлбэр бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүн байгалийн амин хэлхээ холбоог улам бэхжүүлсэн өвгөдийн ухаан билээ. 
Байгалийн нөөцөд тулгуурласан орчин үеийн техник технологийн үсрэнгүй хөгжилөөс хамааралтай уур амьсгалийн өөрчлөлт нь байгаль дэлхийтэй амь нэгтэй хүн төрлөхтөний заямал амьдралд сөргөөр нөлөөлж байгааг та бид сайн мэднэ. Дулаарал, өдөр бүр эрчээ авч буй цөлжилт, хүрээлэн буй орчны бохирдол бол дэлхий даяар анхаарал татсан, хүн бүхнээс санаа сэтгэл гаргаж, анхаарал хандуулахыг шаардсан асуудал мөн. 2009 онд Баян-Өлгий аймгийн ард иргэдийн амьдралын эх үүсвэр нь болсон Ховд голын маань ус багасч, адагтаа хүрэлгүй татарч байсан гашуун түүхийг нутгийн хүмүүс мартаагүй байгаа. Энэхүү явдал нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахгүй бол ирээдүйд юу болохыг анхааруулсан дээд тэнгэрийн нэгэн дохио юм. Сүүлийн 20 гаруй жилд олон гол горхи, булаг шанд, нуур тойром ширгиж усгүй болсон, бохирдсон түгшүүртэй дүн мэдээ байдаг. Ийнхүү байгаль орчны салбарт үүсээд байгаа олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд ард түмний уламжлалт байгаль хамгаалах зан үйл, өв уламжлалыг сэргээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, жам ёсоор нь хөгжүүлэх явдал чухал болж байгааг бид сайтар ойлгож байна.
Өнөөдөрийн шинжлэх ухаан хүн төрлөхтөний соёл иргэншил Алтайн уулсаас эхтэй болохыг нотлоод байгаа билээ. Таван богд уулын эргэн тойронд байгаа эртний соёл иргэншлийн түүхийг өгүүлдэг Шивээт хайрханы бичээс, цогцолбор дурсгал, Хар ямаатын хүн чулуу, алдарт Цагаан салаа, Бага Ойгорын чулуун галерей өнө эртнээс энэ нутагт хүмүүс амьдарч ирсэнийг гэрчилнэ. Тэнгэрлэг уулыг хүрээлэн орших хөрш зэргэлдээ БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орон, ОХУ-ын Алтайн БНУлс, Алтайн хязгаар, БН Казахстан улсын Дорнод Казахстан муж болон Монгол улсын баруун аймгууд «Алтай бидний дундын гэр» олон улсын зохицуулах зөвлөлийн хүрээнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах, бурханаас заясан энэхүү уулаа түшин хамтдаа хөгжих чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж, үүнд манай Баян-Өлгий аймаг санаачлага гарган идэвхтэй оролцож байна.

Байгаль, газар устайгаа зөв зохистой харьцаж онгон дагшин байдлыг нь хадгалан хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа өнөө үед Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Алтайханы Таван богд уулыг төрийн тахилгатай болгож, төр, иргэний байгаль орчноо хайрлан хамгаалах үүрэг хариуцлагыг өндөржүүлэн итгэл найдвар хүлээлгэснийг маш чухал шийдвэр боллоо гэж манай аймгийн ард иргэд нэн талархалтай хүлээж авч байгааг тэмдэглэхэд таатай байна. 
Алтайханы Таван богд уулын тахилгын ёслолын ач холбогдол нь та бидний эх болсон байгаль дэлхийгээ дээдлэн үзэж, хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, олон зуун жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн ард түмний соёл, өв уламжлалыг сэргээх, үндэсний эх оронч үндэсний үзлийг сэргээн бадраах, эв нэгдлийг эрхэмлэх утга санаа, үйлдлэг сэтгэлгээг дархлаажуулахад оршиж байна.

Их хайрханы тэнгэрийг тайх ёслолыг 2014 оны 07 дугаар сарын 03-ны билэгт сайн өдөр үйлдсэний үрээр дөрвөн зүг найман зовхист дэлгэр уудам хормойг нь түшин нутаглаж, үр өгөөж буяныг нь хүртэж ирсэн зон олныг Таван богд уулын эзэн савдаг хайр ивээлдээ багтаан, дөрвөн цагийн улиралд өвс ногоо нь тэгш, өнөтэй тарган байж төр түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай. 

Төрийн тахилгат Алтайханы Таван богд уул маань ивээж, сайн сайхан бүхэн дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, тахилгын ажиллагаа нээснийг уламжильяа.