Алтай ханы Таванбогд хайрханы Төрийн тахилгын ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

2014 оны 07-р сарын 04, 13:00

Өндөр их Алтайн өмөг түшиг Таванбогд хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолд сүсэг итгэлийн өргөл өргөж, сүлд буянаа хурайлан дуудахаар хуран цугласан Эрхэм хүндэт иргэд ээ,

Нүүдэлчид нь суурин иргэдийг бодвол байгаль дэлхийтэйгээ өдөр бүр тулан харьцаж, хамтдаа оршиж, түүнээс хамаарч ирсэн бөгөөд нүүдэлчдийн уг сурвалжит соёл нь байгалийг дээдлэн шүтэж, байгальд хал балгүй, түүнтэй эвлэрэн зохицож амьдардаг онцлогтой билээ. Манай ард түмэн ерөөл магтаал, мялаалга, тахилгын үгэндээ “Эцэг болсон хөх тэнгэр”, “Эх болсон газар нутгаа” магтан алдаршуулдаг бөгөөд эх дэлхий, төрөлх газар нутгаа хайрлан хамгаалдаг биет бус соёлын өвийн бүхэл бүтэн тогтолцоотой.

Үүний нэг жишээ бол уул овоо тахих ёс юм. Тахилга хийнэ гэдэг нь сүлд тахилга улирсан сүмбэр их овоог босгож, уул, усны эздийг урин дуудаж, баярлуулан цэнгүүлэх, тэдэнд хүсэл даатгалаа илэрхийлж буй онцгой зан үйл. Энэ дэлхийд эзэн биегүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Тэнд энд хэвтэх чулуу ч эзэнтэй буюу. Уул ус, ургамал амьтан, унасан газар, улс гүрний түүх, бүгд өөрийн гэсэн эзэдтэй. Тэдгээр эзэд нь тэнгэрт ч байна, газарт ч байна.

Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдийн туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм. Нүүдэлчин ард түмний аугаа их түүх бичигдсэн нутаг.

Нөгөө талаар овоо босгож тахина гэдэг нь эх газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, иргэдийнхээ эх оронч үзлийг бадраах утга санаа, үйлдлэг сэтгэлгээг агуулдагт тайлга тахилгын ёслолын ач холбогдол оршино.

Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна.

Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэлтэй бас холбоотой юм аа.

 

Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ өнө эртний энэ сайхан ёс заншил, түүх соёл, төрт ёсны уламжлалыг баримтлан уул овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг эдүгээ цагийн байдалд нийцүүлэн үйлдэж байна. Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний бахархалт сайхан уламжлал. Байгаль эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл. Нүүдэлч түмний сэтгэмжийн нэн содон ёс заншил, соёл юм. “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэсэн үг бий.

Алтай бол нийгэм, угсаатны соёлын хувьд олон үндэстэн ястны өлгий нутаг мөн. Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 онд Богд хааны зарлиг шийдвэрээр Олноо өргөгдсөн Монгол Улсын бүрэн эрхт харъяат иргэд болсон казак түмэн болоод нутгийн уугуул урианхай, тува, дөрвөд, торгууд, мянгад, хотон, хотгойд, халх, баяд, захчин, өөлд гээд олон ястнууд өмөг түшиг хан Алтайгаа шүтэж, эвтэй найртай аж төрсөөр ирлээ. Өнөө хийгээд хойшид ч ийм л байх болно.          

Тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн ахан дүүс ээ,

Монгол Алтайн нуруу нь манай орны баруун талд улсын хилийн дагуу баруун хойноос зүүн урагш чиглэн сунаж тогтсон мөнх цас, мөсөн гол, мөсдлийн гаралтай цэвэр цэнгэг нуурууд, өндөр уулсын хооронд үргэлжлэн янз бүрийн түвшинд орших харилцан адилгүй хэлбэр хэмжээтэй хөндий, хотгорууд хосолсон үзэсгэлэнт газар юм.

 

Хөлгүй их усан далай хөрст дэлхийг бүрхэж байсан эрт галавын үед газрын зулай Алтай ханы их уулс, Хангай хааны Отгонтэнгэрт амьдрал тэмцэл өрнөж байсан тухай өнө эртний домог түүхийг өвөг дээдэс минь хайлан өгүүлсээр ирсэн. Хадны бичээс, зурган түүх, оромж туурь, археологийн олдвор, баримт сэлт байна. Хүннү сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг гэдгийг хөрш зэргэлдээ улс гүрэн, улмаар дэлхий нийт ч хүлээн зөвшөөрдөг. Тийм л учраас бөмбөрцөгийн энэ хэсгийн өндөр уулсыг Монгол Алтайн нуруу хэмээн тодотгон нэрлэсэн байдаг.

Алтай бол газар усны нэр төдийгүй монгол соёл иргэншлийн нэршил мөн. Ардын аман зохиол, үлгэр туульс, түүх домог, дуу хөгжим гээд үндэсний язгуур урлагаас орчин үеийн урлагийн бүхий л төрөлд Алтайн хөг аялгуу, дүр дүрслэл, өнгө хувирал, алтайчуудын амьдрал, түүх, бахархал, зовлон жаргал, хөгжил дэвшил, хүсэл эрмэлзлэл илэрхийлэгддэг юм. Монгол Алтай - Монголын нэрийн хуудас мөн.

 

Алтайн бүс нутаг бол баялгийн их үүц, тайлагдаагүй түмэн нууцын орон. Энэ бүхнийг судлан нээж, ариг гамтай ашиглах нь тодорхой. Ингэхдээ онгон дагшин байгаль, орчин үеийн технологийн зохистой тэнцлийг олсон ногоон хөгжил, чанартай амьдралын зөв бодлогоор шийдэх ёстой. Монгол орны баруун бүс нутаг ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн шинэ төв болох нь дамжиггүй.

 

Иймд үйл явдлыг өрнүүлдэг өндөр тахилгат овоотой, өргөн түмэндээ ээлтэй өлзийт буурал Алтай Таванбогдынхоо тэнгэрт түмэн олныхоо хүсэл эгээрлийг Төрийн тэргүүн би даатган айлтгаж байна.

 

Даяар Монголын ариун голомт, дархан манай тусгаар улсын уул, усны эздийг эрхшээсэн арван гурван Алтайн эзэн тэнгэр, эцэг онгодыг урин залж, баясган цэнгүүлж, өргөлөө өргөж, цацлаа цацаж, өчлөө өчиж, даатгалаа айлтган, хүмүүн болоод байгалийн хүйн холбоо, амин хэлхээг дархлан бататгацгаая.

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,

Өнөөдрийн энэ сайхан үйлийн санаачлагч нь чухамдаа Та бүхэн билээ. Учир нь өнөр баян Монгол орны минь өрнө зүгийн уулсын манлай Таванбогд хайрханаа төрийн тахилгатай болгох хүсэл сэтгэл, шийдвэр айлтгалаа Баян-Өлгийчүүд төрдөө уламжилсан. Иргэд та бүхний итгэл эрмэлзэл, санал санаачилгыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд анх удаа Алтай ханы Таванбогд хайрханыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан юм.

Энэ бол иргэн таны санал хүсэлт төрийн шийдвэр болж буйн илрэл. Иргэдийн оролцоот төр бол ардчилал, хөгжил дэвшлийн баталгаа. Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгон, ардчиллыг хөгжүүлж  ирсэн, санасан хэрэг, зорьсон үйлсийг маань ивээн таалсан Өлгийчүүд Та бүхэндээ Алтай Таванбогдын энэ өндөрлөгөөс талархал, хүндэтгэлээ дахин илэрхийлье.

Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар Монгол орны баруун захын хамгийн өндөр цэг, хилийн бүс, Алтай ханы цаст таван хайрхан маань төр ёсны хүндэтгэлт уулс боллоо. Төрийн энэхүү шийдвэрийг болон та бүхний сэтгэл итгэлийг Таванбогдын тэнгэр төдийгүй садан төрөл, саахалт хайрхан Цамбагарав, Цэнгэл, Цагаан дэглий, Ханхөхий, Хархираа, Түргэн, Жаргалант, Бумбат, Баатархайрханы салбар уулс хийгээд горхи булаг, гол, нуур, рашаан, усны эзэд, лус савдаг цөм таалан баясаж байгаа биз ээ.

Энэ дашрамд Монгол, Орос, Хятад, Казакстан дөрвөн улсын нутгийг дамнан орших Алтайн их уулс, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлон дэлхийн өвд бүртгүүлж ЮНЕСКО-ийн шийдвэр батламж гаргуулахаар Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал боловсруулж байгааг дуулгахад таатай байна.

Өлгий нутагт тэнгэрийн хур бууж, газрын хээл гүйцэж, нуур ус тогтож, ургамал цэцэгс дэлгэрч, будаа тариа арвидан, ан амьтан, араатан жигүүртэн, мал сүрэг өсөн үржиж, хүн ардын амгалан жаргалан улам батжих болтугай.

Сайшаан хэлэхэд Баян-Өлгий аймгийн хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн өнгөрсөн онд мал сүргээ таван төрөл дээр нь 113,7 хувиар өсгөжээ. Мөн үр тарианы үйлдвэрлэлээ 44,3 хувиар нэмэгдүүлэн, барилга угсралт, их засварын ажлаа 3 дахин өсгөж улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 12,7 хувь өссөн нь улсын дунджаас дээгүүр гарчээ. Уулын усны тахилга залгаад удахгүй Монгол түмний их баяр наадам болно. Баяр наадмаа өрнүүн их ажил үйлсээр угтаж буй Баян-Өлгийчүүд Та бүхэндээ өргөн дэлгэр сайхан наадахын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол түмний хийморь золбоо өөдөө бадарч, зорьсон үйл нь тэгшрэн бүтэж, Монгол Улс мөнгөн дуулгат өндөр Алтай шигээ мөнхөд орших болтугай. 

Хурай Хурай Хурай