Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл

2014 оны 11-р сарын 12, 10:00

Статистик мэдээгээр хүүхдийн 32 цэцэрлэгт нийт 6117 хүүхэд хүмүүжиж, ЕБС-ийн 43 сургуульд 22061 хүүхэд суралцаж, бүх цэцэрлэгүүд сургалтаа казах хэл дээр, ЕБС-ийн 2 нь сургалтаа монгол, 30 нь казах хэлээр, 1 нь монгол-англи-турк хэлээр, 9 нь монгол, казах зэрэгцсэн бүлэгтэйгээр, 1 сургууль тува, монгол холимог хэлээр зохион байгуулж байна.

Монгол Улс үндэстний цөөнхийн эх хэлээрээ сурч боловсрох, соёл зан заншлаа өвлүүлэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж,холбогдох зарим хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд ерөнхийдөө шийдвэрлэж байгаа боловч ерөнхий боловсролын бодлого зохицуулалтыг тодорхойлсон баримт бичгүүдэд үндэстний цөөнхийн хэлээр сургалт явуулж буй сургуулийн сургалтын төлөвлөгөө, үндэсний онцлог бүхий хичээлүүдийн стандарт, хөтөлбөр, сурах бичгийн талаар нарийвчилсан зохицуулалт үгүй байна.

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5.1.4 дүгээр зүйлд “Иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангах” ерөнхий зарчмыг тодорхойлж, тус хуулийн 30.1.12  дүгээр зүйлд “Үндэстний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах” эрхийг Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамруулсан байна.

Сүүлийн жилүүдэд Боловсролын хүрээлэнгийн Казах хүүхдийн боловсролын судалгааны секторээс явуулсан сургалтын үр дүнг тандах судалгаануудын үр дүн нь хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, сурах бичгийгсайжруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.

Энэхүү аймгийн бодлогын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэстний цөөнхийн хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой заалтууд болон Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, хос хэлээр сургалт явуулах таатай орчин бүрдүүлэхэд оршино.

ИЙМД ЭРДЭМТЭН МЭРГЭД, ЭЦЭГ ЭХ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БОДЛОГО, ЧИГЛЭЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

ТАТАЖ АВАХ

Холбоотой файлТатаж авах