АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕНИЙ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

2014 оны 12-р сарын 31, 13:00

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕНИЙ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ!

Казах, урианхай, дөрвөд, тува, ахан дүүс ээ!

Ноёд, хатагтай нар аа!

Та бүхэнд ирж буй шинэ оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье!

 

Өнөөдрөөс 25 жилийн өмнө цагаан морин жилийн өвөл манай улсын хэсэг залуучууд  ардчиллын төлөөх тэмцэлд гарч, Монгол Улсад социалист дэглэмийг халан, түүхэн гавьяа байгуулсан билээ. Үүнээс хойш улс орон маань зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үндсэн хуульт ардчилсан орон болж хөгжил цэцэглэлийн замд орсон. Энэхүү Ардчилсан хувьсгалын 25 жилийг ойг ч манай ард түмэн хөдөлмөрийн арвин их амжилтаар угтаж байна.

Улирч буй 2014 он Баян-Өлгий аймгийн хувьд үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, аймгийн ДНБ-д 2014 онд 240,3 тэрбум төгрөгийн нэмэгдэл өртөг бий боллоо. Энэ нь 2013 онтой харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2014 онд Баян-Өлгий аймагт барилга угсралт, харилцаа холбоо, зам, харилцаа, нийтийн орон сууц барих,  барилга материалын үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын салбарт нийтдээ 111,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэв. Мөн Цагааннуур-Улаанбайшинт, Толбо-Ховд чиглэлд хатуу хучилттай зам барихад шаардлагатай 200 сая ам.долларын асуудлыг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлүүлж, одоо тендер нь зарлагдаад явж байна.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэс, хувийн хэвшилтэй хамтран оны эхнээс 1600 ажлын байр бий болголоо.Үүнээс байнгын ажлын байр 1490, түр ажлы байр 110 байна. Аймгийн төвийг хотын статустай болгох зорилтын хүрээнд хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлуулж,  төв талбайг шинэчлэх, гудамжуудыг камержуулах, тохижуулах, гэрэлтүүлэг тавих ажлуудыг эхлүүллээ.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд аймгийн удирдлагын зүгээс онцгой анхаарал хандуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Эмчилгээ, оношилгооны төв байгуулж, улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар материаллаг баазыг нь сайжруулав. Тухайн жилд эрүүл мэдийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 3,1 тэрбум төгрөгт хүрсэн нь урьд, өмнө байгаагүй багтам том амжилт юм. Ингэснээр Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгүүлэх хүмүүсийн тоо 50 хувиаар буурч, ард иргэд мөнгө, цаг хугацаагаа хэмнэх  боломж бүрдлээ. Мөн эх, нялхсын эндэгдлийг бууруулж чадлаа.

Боловсролын байгууллагуудын менежментийг сайжруулах зорилт тавин ажилласны үр дүнд Баян-Өлгий аймгийн боловролын чанар энэ жил 12,9 пунктээр ахицтай гарч чадлаа. Мөн 2014 онд тус салбарын санхүүгийн сахилга бат сайжирч, сургууль, цэцэрлэгүүд 298,4 сая төгрөгийн бодит хэмнэлтийг гарган, анх удаагаа жилийн эцэст өргүй гарах боломж бүрдээд байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын 4 объектэд 440 сая төгрөгийн их засвар хийгдэж, 7 тэрбум 800 сая төгрөгөөр 7 объект шинээр баригдаж байна.

Түүнчлэн малчдын амьжиргааг дээшлүүлэх бодлого баримтлан ажиллаж, малчид болон мал бүхий иргэдийн үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс шир тутамд мөнгөн урамшуулал олгуулж байна.

Энэхүү амжилтууда 2015 онд улам бататгаж, илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

2014 оны жилийн эцсийн урьдчилсан мэдээгээр манай аймгийн хүн амын тоо 3 хувиар, мал сүргийн тоо 17,4 хувиар өссөнийг та бүхэн мэдэж байгаа билээ. Мөн 2015 оны 1 дүгээр сард манай Баян-Өлгийчүүд Монгол Улсын гурван сая дахь иргэнээ өлгийдэж авна. Засаг дарга миний бие энэхүү явдлыг бэлэгшээж, ирэх жилийг  Монголын ард түмэнд, Баян-Өлгийчүүдэд аз жаргал бэлэглэсэн хамгийн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.

            Шинэ оноо угтаж байгаа Та бvхэндээ эрvvл энх байж, ажил vйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөж, шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг дэвшvvлье. 

Жаңа жыл құт, береке әкелсін, ағайын! Жақсы тойлатыңыздар!

 

ЗАСАГ ДАРГА                                             Х.ДАРМЕН