Алтай таван богд

2015 оны 01-р сарын 03, 05:00

Манай улсын хамгийн өндөр уул Алтай Таван Богд  Монголын хамгийн баруун цэг болох Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт оршдог. Сумын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь далайн түвшнээс 2500-3000 м өргөгдсөн мөнх цаст уул хадтай уулархаг нутаг юм.

Манай оронд Таван Богд, Цамбагарав, Мөнххайрхан, Сутайхайрхан, Хархирааны цагаан дэглий зэрэг 5 оргил байдаг ба эдгээрийг нийтэд нь Монгол Алтайн Таван Богд гэж нэрлэдэг гэнэ.

Алтайн Нуруу нь Монгол Улс ба ОХУ-ын Дорнод Сибирт орших нуруу юм. Өөрөөр хэлбэл  ОХУ, БНХАУ, БН Казахстан улс, Монгол улс буюу нийт 4 улсын нутгаар үргэлжилдэг  Азидаа томоохонд ордог нуруу юм. Энэхүү нурууны хамгийн өндөр оргил нь Белохово оргил ОХУ болон Казахстаны хил дээр оршдог байна. Белохово оргилын өндөр нь далайн түвшнээс 4506 метр.

Алтайн нуруу нь үндсэндээ Белоховогаас эхлээд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгийг дамжиж үргэлжилдэг.  Мөнх цасны доод хязгаар нь зүүн хэсгээрээ далайн түвшнээс дээш 1875 м, баруун хэсгийн хойд тал нь 2010 м, өмнөд тал бөгөөд мөнх цаст оргил олонтой. Алтайн нурууны Белохово оргилын дараагаар хоёр дахь өндөр оргил нь БНХАУ, Монгол 2 улсын хил дээр оршдог

Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг. Хүйтэний оргил нь Монгол нутгийн хамгийн өндөр цэг 4374 метр.

Хүйтны оргил

Алтай Таван Богдод  дэлхийд цөөхөн байдаг мөсөн гол буюу Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потаниний мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол. Тэрээр мөсөн голууд нээсэн хүний нэрээр тус тус нэрлэгджээ. Эдгээрээс хамгийн том нь Потаниний мөсөн гол. 20 км үргэлжилдэг ба нийт талбай нь 24 ам километр.

Алтай Таван Богдын хамгийн нам цэг нь Хурган нуур /1800 метр/ юм.

Хурган нуур

Энэ бүс нутагт 1200 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс 131 зүйл нь модлог, сөөглөг ургамал,  889 зүйл нь өвслөг ургамал юм. Монгол Алтайн нурууны багахан хэсэг нь армаг тармаг шинэсэн ойтой.  Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, Алтайн аргаль, янгир, халиун буга бий. Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг. Уул хад ой модоор нь махчин шувууд болох ёл, тас, бүргэд, сар, шонхор шувууд байхаас гадна Алтайн хойлог, өгөөлэй шулганаа, борцгор хотон, гангар хун, хар өрөвтас, итэлгэн цахлай, хээрийн галуу зэрэг нэн ховор шувууд тохиолдоно. Голуудаар нь монгол хадран, алтайн сугас, нохой сугас гэдэг 3 зүйл маш элбэг байдаг.