СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

2016 оны 03-р сарын 04, 00:00

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээртогтоолын 1 дүгээр хавсралт

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулах "Сум хөгжүүлэх сан" /цаашид "сан" гэх/-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
1.3. Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.
1.4. Сангийн орлого, зарлага нь сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайлан тэнцэлд тусгагдана.
1.5. Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана.
1.6. Сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлттэй зээл нь дараахь нөхцөлтэй байх бөгөөд зээлийн хүүгийн хэмжээг энэхүү журмын 1.6.1-д заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шинэчлэн тогтоож болно.
1.6.1. хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 3 хүртэл хувь;
1.6.2. зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна.
1.7. Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй, эсхүл зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд торгууль ногдуулж төлүүлнэ. Торгуулийн хувь хэмжээ, нөхцөлийг сумын Засаг дарга, зээлдэгч нарын хооронд байгуулах гэрээнд тусгана.
1.8. Сангаас олгох зээлийн хүүгийн орлогын 50 хүртэл хувийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих ажлыг зохион байгуулах зөвлөлийн үйл ажиллагаанд зарцуулж болно. Үлдэх хувийг сангаас олгох зээлийн эргэлтийн хөрөнгө болгож ашиглана.
1.9. Сангийн хөрөнгийг сумын төсвийн алдагдал нөхөх, төсөвт байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлыг нөхөн төлөх зэргээр энэхүү журмын 1.5-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр

2.1. Сангийн хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.1.1. улсын төсвөөс олгох сумын хөгжлийн сангийн эргэлтийн хөрөнгө;

2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

2.1.3. иргэн, аж ахуйн нэгжид сангаас олгосон зээлийн хүүгийн орлого.

2.2. Санд аймаг, сумын төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс хандивлахыг хориглоно.

2.3. Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, өмнөх жилийн зээлийн ашиглалт, зээл авах хэрэгцээ, шаардлага зэргийг харгалзан Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамтарсан тушаалаар тогтооно.

Гурав. Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сангийн хөрөнгөөс зээл олгох, зарцуулах, хяналт тавих, зээлийг эргэн төлүүлэх, тайлагнахтай холбоотой дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1. сангийн хөрөнгөөр зээл олгохтой холбогдуулан сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгод нийцүүлэн тодорхойлох;

3.1.2. сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдлыг харгалзан тухайн санхүүгийн жилд сангаас олгох зээлийн хүүгийн хэмжээг энэ журмын 1.6.1-д заасан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар жил бүр шинэчлэн тогтоох /тухайн санхүүгийн жилд хүүг шинэчлэн тогтоосон нь өмнөх жилүүдэд байгуулсан зээлийн гэрээнд тусгасан хүүг өөрчлөх нөхцөл болохгүй/;

3.1.3. тухайн санхүүгийн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох;

3.1.4. төсөл сонгон шалгаруулахад сумын иргэдийн саналыг авах, түүнийг харгалзан үзэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах;

3.1.5. сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус ажлын хэсгийг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ахлуулан байгуулна. /Энэ хэсэгт ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 494-р тогтоолоор нэмэлт орсон/ Ажлын хэсгийг байгуулахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргана;

3.1.6. сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шалгалтын дүн, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн шийдвэрлэх.

3.2. Сумын Засаг дарга сангийн үйл ажиллагаатай холбогдсон дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.2.1. сумын хэмжээнд төсөл сонгон шалгаруулахад иргэдийн оролцоог хангах арга хэмжээг авах;

3.2.2. санд ирүүлсэн төслүүдээс энэхүү журмын 3.1.1-д заасан чиглэлд нийцсэн, төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөс шалгаруулсан төсөлд зээл олгох шийдвэр гаргах;

3.2.3. төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хангуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах;

3.2.4. эргэн төлөгдсөн зээл, хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;

3.2.5. сангийн үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;

3.2.6. зээлийн хүүгийн орлогоос энэхүү журмын 1.8-д заасан зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, сумын жил бүрийн төсөвтэй хамт батлуулах;

3.2.7. сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцах,

3.2.8. сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг энэхүү журмын 5.4-т заасан хугацаанд аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлэх.

3.3. Төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулна. Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг сумын Засаг дарга ахлах бөгөөд зөвлөлийн 3 гишүүн нь тухайн сумын иргэдийн, 1 гишүүн нь “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөл байна. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 494-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулах

4.1. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь сангаас зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн боловсруулсан төслийг сонгон шалгаруулахдаа дараахь шалгуурыг харгалзан үзнэ:

4.1.1. тухайн суманд жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байх; /ЗГ-ын 2012-03-28-ны 95-р өөрчлөлт орсон/

4.1.2. хүрэх үр дүн, зорилт нь тодорхой байх;

4.1.3. төслийн үр ашиг, гэрээний хугацаанд зээлээ эргэн төлөх боломжтой байх;

4.1.4. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, эрсдэлийг даван туулах талаар тусгасан байх;

4.1.5. ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.

4.2. Сангийн хөрөнгөөс зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь дараахь шаардлагыг хангасан байна:

4.2.1. иргэн, аж ахуйн нэгж нь харъяаллын хувьд тухайн суманд бүртгэлтэй байх;

4.2.2. сум хөгжүүлэх сан болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урьд авсан зээлийн өргүй байх;

4.2.3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх.

4.3. Энэхүү журмын 4.2-т заасан этгээд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслөө төсөл сонгон шалгаруулах зөвлөлд ирүүлнэ. Төсөл сонгон шалгаруулах хугацааг зөвлөл тогтооно.

4.4. Зөвлөл нь иргэн, аж ахуй нэгжийн ирүүлсэн төслийг энэхүү журмын 4.1, 4.2-т заасан шалгуур, шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянан үзэж, зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Засаг дарга зээл олгох захирамж гаргана.

4.5. Шалгарсан төсөлд зээл олгох тухай шийдвэрийг үндэслэн тухайн төслийг хэрэгжүүлэгч этгээдтэй сумын Засаг дарга зээлийн гэрээг "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар"-ын дагуу байгуулна.

4.6. Зээлийн гэрээг байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгжийн дансанд шилжүүлнэ.

4.7. Иргэн, аж ахуйн нэгж олгосон зээлийн хөрөнгө, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд Сум хөгжүүлэх сангийн дансанд эргэн төлнө.


Тав. Сангийн үйл ажиллагааг тайлагнах, хяналт тавих

5.1. Сангийн үйл ажиллагааг нийтэд ил тод явуулна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт тавих эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно.

5.2. Сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг сумын Засаг дарга хариуцна.

5.3. Энэхүү журмын 3.1.5-д заасан ажлын хэсэг сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зээлийн гэрээний хэрэгжилтэд тухайн санхүүгийн жилд 2-оос доошгүй удаа шалгалт хийж, дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, сумын нийт иргэдэд мэдээлж байна.

5.4. Сумын Засаг дарга сум хөгжүүлэх сангийн орлого, зарлагын дүн болон зарцуулалтын тайланг улирал, жилээр гаргаж, улирлын эхний сарын 10-ны дотор аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлнэ. Аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар сумдын тайланг аймгийн хэмжээнд нэгтгэж, улирлын эхний сарын 20-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тайланг улсын хэмжээнд нэгтгэж улирлын эхний сарын 30-ны дотор Сангийн яаманд тус тус хүргүүлнэ.

5.5. Жил бүрийн сум хөгжүүлэх сангийн гүйцэтгэл, үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, нэгдсэн дүнг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Сангийн яаманд ирүүлэх асуудлыг аймгийн хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцаж ажиллана.



Зургаа. Хариуцлагын тогтолцоо



6.1. Сангийн хөрөнгийг зарцуулах, зээл олгох, зээлийн хөрөнгийг ашиглах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааны талаар энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.2. Энэхүү журмын 4.2-т заасан этгээд авсан зээлээ үр ашиггүй зарцуулсан, эсхүл зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй, зээл, түүний хүүг гэрээний хугацаа хэтрүүлж төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид сангаас дахин зээл олгохгүй.

6.3. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, чанаргүй төсөл сонгон шалгаруулсан, тэдгээрт зохих хяналт тавиагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол сумын Засаг даргад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.