Журмын төсөлд саналаа өгнө үү!

2016 оны 03-р сарын 31, 10:00

АЙМГИЙН  НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Санал өгөхийн тулд энд дарна уу.

Нэг. Нийтлэг үндэслэл

      1.1. Энэ журмын зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7, 8 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэхэд оршино.

          1.2. Аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид тусгай зөвшөөрөл гэх\-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь  хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

        1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэ журмын хүрээнд явагдана. 

          1.4. Энэ журам нь аймгийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж            байгаа, Улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ.

         1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг аймгийн  Засаг дарга олгоно. 

Хоёр. Байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг

             2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хүсэгч аж ахуйн нэгжүүд доорх үүргийг хүлээнэ. Үүнд:

      2.1.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллах;

   2.1.2. Хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхийн өмнө аймгийн  Засаг даргын тамгын газрын  Хууль зүйн хэлтэст  хандаж тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байх;

          2.1.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх;

         2.1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон газарт байршаагүй байх;

         2.1.5. Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлж, суутгасан татварыг хугацаанд нь төлөх;

         2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй шийдвэрлэсэн байх;

          2.1.7. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх;

Гурав. Хууль зүйн хэлтсийн ажилтаны үүрэг

3.1. Аймгийн  Засаг даргын Тамгын газрын  Хууль зүйн хэлтсийн ажилтан хариуцсан асуудлын чиглэлээр аж ахуйн нэгжид мэргэжлийн зөвлөгөө өгөх;

3.2. Ажилтан албан үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлагагүй соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах;

3.3. Тэгш байдлын зарчмын хүрээнд бусад ажилтан болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцах;

3.4. Ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;

3.5. Ажилтан журмын 4.1-д зааснаас бусад нэмэлт бичиг баримтыг үндэслэлгүйгээр шаардахгүй байх;

Дөрөв. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

 

4.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ:

4.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /хавсралтаар баталсан маягтыг асуултын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/;

4.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.1.3 Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /Суутгагчийн дугаарыг бичсэн байна/

4.1.4. Гадна, дотно тохижилтын зураг

4.1.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/Хууль зүйн хэлтэс зөвшөөрсөн тохиолдолд/;

Тав. Тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлага

              5.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж нь дараах шаардлага хангасан байна:

  5.1.1. Аймгийн  Мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлж, дүгнэлт гаргуулсан байх;

  5.1.2.Үйл ажиллагааны төрлөөс хамаарч худалдааны үйлчилгээ. Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015¤, Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007¤, Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага  MNS 4946:2005¤ стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;/ Тохирлын гэрчилгээтэй байх /

  5.1.3. Аймаг, суманд худалдаа, үйлчилгээ эрхлэх болон Тохижилт хог хаягдлын гэрээ байгуулсан байх / Хот тохижуулах алба болон сумын ЗДТГ-т/;

  5.1.4. Харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлсэн байх;

  5.1.5.Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;

                  Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх:

           5.1.6.1 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

а/ Ресторан;

б/ Баар;

в/ Кафе;

             5.1.6.2 Худалдааны чиглэлээр:

а/ Хүнсний дэлгүүр;

б/ Минимаркет;

в/ Супермаркет;

г/ Бөөний төв

5.1.7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

5.1.8. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон, гэрээт харуул, хамгаалалтын албатай байх;

5.1.9.Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна болон дотор талд гэрэлтүүлэг хийсэн байх;

Зургаа. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

6.1. Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ /шинээр олгох, сунгах/  аймгийн  Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэст гаргана. Өргөдлийн маягтыг /хавсралтаар батлагдсан/ загварын дагуу бөглөж, энэ журмын 4.1-д заасан бичиг баримтын хуулбарын хамт ирүүлнэ.

6.2. Хууль зүйн  хэлтсийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн хүсэлтийг хүлээн авч ажлын 5 өдрийн дотор шийдвэрлүүлэнэ.

6.3. Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 5.1-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хоёр жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох буюу сунгана.

  6.4. Тусгай зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой гарсан маргаантай асуудлыг  Хууль зүйн хэлтсийн тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн Хууль зүйн хэлтсийн даргад  хүргүүлж, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлүүлнэ. 

6.5. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно.

6.6. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн  Цагдаагийн газар, аймгийн  Татварын газар, Мэргэжлийн хяналтын газар, холбогдох  сумдын Засаг дарга нарт хүргүүлж , цахим  сайтад байршуулна.

6.7.Улирлын чанартай үйлчилгээ болон шаардлагатай тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд спиртийн сул агууламжтай согтууруулах  ундааны  тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар энэ журмын 6.1-6.3-т заасны дагуу олгоно.

6.8.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Долоо. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

7.1. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

7.1.1. Энэ журмын 5.1-д заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд;

7.1.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд;

7.1.3 Харъяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй тохиолдолд;

Найм. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

8.1.Аймгийн Засаг дарга  тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ:

8.1.1.Харъяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгээгүй тохиолдолд

8.1.2.Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч зөвшөөрлөө аваагүй тохиолдолд;

8.1.3. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хугацаанд нь хийлгээгүй;/Хугацаа дуусснаас хойш 1 сар өнгөрсөн бол/

8.1.4. аймгийн  онцгой байдлын комиссоос өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гаргасан захирамж,  тушаалыг  зөрчсөн

8.1.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 21 нас хүрээгүй эсхүл согтуу хүнд үйлчилсэн тохиолдолд болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг зөрчсө.

8.1.6. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд;

8.1.7.аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Ес. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

9.1.Аймгийн Засаг дарга  дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

9.1.1.Аймаг, сумын  албан татвар төлөөгүй болон суутгасан татвараа харьяалах дүүргийн татварын албатай тооцоо хийгээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан тохиолдолд;

9.1.2. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлж, худалдсан;

9.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

9.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан;

9.1.5.Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

9.1.6. Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай цагдаа, мэргэжлийн хяналт, татварын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн нь үндэслэлтэй бол; 

9.1.7. Энэ журмын 8.1.4, 8.1.5-д заасан зөрчлийг давтан гаргасан;

9.1.8. Энэ журмын 11.1-ээр хориглосон үйл ажиллагаа явуулсан;

Арав. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

10.1.Тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд энэ хугацаанд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэхгүй.

10.2.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, энэ журмын 4.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Арван нэг. Байгууллага, аж ахуйн нэгжид дараах зүйлийг хориглоно

    11.1.Тусгай зөвшөөрөлтэй газарт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5, 7.6, 7.7-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно;

11.1.1. Аймаг,  сумын албан татвар суутгагч нь суутгасан татвараа нуун дарагдуулахыг хориглоно;

11.1.2.Тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах;

              11.1.3.Нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг бол Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны барилгын үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах;

11.1.4.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах аймгийн  Засаг даргаас тогтоосон цагийн хязгаарыг зөрчих;

  11.1.5. Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;

  11.1.6. Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

  11.2.Тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

Арван хоёр. Хяналт

12.1.Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга,  цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавина.

12.2.Тусгай зөвшөөрөлтэй газруудад холбогдох байгууллагууд энэ журмын 3.1-т заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтээ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст ирүүлж шийдвэр гаргуулна.

12.3.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаарх баримт бүхий мэдээллээ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст хүргүүлж  шийдвэрлүүлнэ. 

12.4. аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг нэгдсэн арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Арван гурав. Хариуцлага

         13.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст хандаж ажлын 10 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

13.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

--------------------------оОо--------------------

Санал өгөхийн тулд энд дарна уу.

 
Холбоотой файлТатаж авах