Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны тайланд үнэлгээ өгсөн тухай

2014 оны 05-р сарын 09, 00:00

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧДЫН 2013 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ ТАЙЛАН

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэж Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцууллаа. Хуралдааны тэмдэглэлд Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны тайлан, хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүнгийн тухай танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсантай холбогдуулан дараах арга хэмжээ авахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгохоор тогтов. Үүнд:

§  Үнэлгээний явцад илэрсэн зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журам, зааврыг чанд мөрдөж ажиллахад анхаарч, 2014 оны худалдан авах ажиллагааны улирлын тайланг Сангийн яаманд хүргүүлж байх,

§  Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүх тендерийг зарлаж дуусган, 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх.” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 49.7-д заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирүүлсэн 2013 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, худалдан авах ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний системд нийтэлсэн төлөвлөгөө, тендер шалгаруулалтын явц, цахим сүлжээнд нийтлэгдсэн тендер шалгаруулалтын урилга, үр дүн болон гомдлын судалгаанд үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам /цаашид “журам” гэх/-ын 4 дүгээр бүлэгт заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ өглөө.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлгээний дүнгээс үзэхэд 8 төсвийн ерөнхийлөн захирагч 80-89 оноо буюу “сайн”, 21 төсвийн ерөнхийлөн захирагч 60-79 оноо буюу “хангалттай”, 15 төсвийн ерөнхийлөн захирагч 40-59 оноо буюу “хангалтгүй”, 9 төсвийн ерөнхийлөн захирагч “муу” үнэлгээ авсан бөгөөд 6 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан огт ирүүлээгүй байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн дэлгэрэнгүй мэдээлэл

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд журмын 4 дүгээр бүлэгт тодорхойлсон дараах 7 шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөв. Үүнд:

§  Худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн байдал;

§  Худалдан авах ажиллагааны тайлагналтын байдал;

§  Худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал;

§  Тендер шалгаруулалтын үнэлгээг хүчинтэй байх хугацаанд багтаж хийсэн эсэх;

§  Тендерийн урилга, үр дүнг олон нийтэд мэдээлсэн байдал;

§  Тендер шалгаруулалтын талаар гарсан гомдол шийдэгдсэн байдал;

§  Харъяа байгууллагын худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, гарсан зөрчлийг цаг алдалгүй засуулсан байдал;

§  Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьсан байдал.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны тайлангаас үзэхэд дараах нийтлэг зөрчил, дутагдлууд байна. Үүнд

1.     Худалдан авах ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг Эрчим хүчний яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Сүхбаатар аймаг, Завхан аймаг, Орхон аймаг, Төв аймаг, Говь-Алтай аймаг, Ховд аймаг, Говьсүмбэр аймаг, Төрийн албаны зөвлөл аймгууд тус яаманд ирүүлээгүй байна. Хуулийн 48.5-д заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэх ажил хангалтгүй байна.

2.     Тайлангийн иж бүрдэл дутуу тухайлбал журмын Маягт 2-ын дагуу бичмэл тайлан ирүүлдэггүй, харъяа байгууллагын худалдан авах ажиллагааг нэгтгэн тайлагнаагүй, Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээ, үнэлгээний системд тендер шалгаруулалтын явц, үр дүнг оруулаагүй зөрчил байна.

3.     Засгийн газраас өгсөн албан даалгаврын дагуу улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны биелэлтийг гарган Сангийн яаманд ирүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлыг шуурхайлах арга хэмжээ авахыг тухай бүр анхааруулж байсан билээ. Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны 2013 оны хагас жилийн хэрэгжилт 55 хувьтай байсан.

4.     Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mn/ 2013 онд 3826 тендерийн урилга, 2080 тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдсэн байна. Тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд зарлан мэдээлэх чиглэлээр хангалтгүй ажилласан  байна.

5.     Тендер шалгаруулалтын үнэлгээний явцыг үндэслэлгүйгээр сунжруулж, хууль журмын дагуу үнэлгээ хийгээгүйн улмаас гомдол гарах, улмаар төсөл арга хэмжээний биелэлт удааширч байна. (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гаргасан нийт 332 гомдлын 60 хувь нь захиалагчийн шийдвэр хуульд нийцээгүй тул тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гарсан байна).

Худалдан авах ажиллагаанытайлан ирүүлсэн байдал

Худалдан авах ажиллагааны тайланг хуулийн хугацаанд ирүүлэх тухай албан тоотыг 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 5/6666 албан бичгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл спорт, аялал жуулчлалын яам, Булган, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгууд 2013 оны худалан авах ажиллагааны тайлангаа ирүүлээгүй байна.

Худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлсэн байдал

Засгийн газраас өгсөн албан даалгаврын дагуу улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны биелэлтийг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлыг шуурхайлах арга хэмжээ авахыг анхааруулж байсан. Тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн байх үүрэг даалгаврын хэрэгжилт 1 дүгээр улирлын байдлаар 11 хувь, 2 дугаар улирлын байдлаар 55 хувь, 3 дугаар улирлын байдлаар 71 хувь байсан байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны төсөв, түүний бодит гүйцэтгэл

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай 2013 оны нэгдсэн тайлангаас үзэхэд Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нийт 1,663.7тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн ба үүнээс 72.9 хувь буюу 1,212.6 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, 5.9 хувь буюу 98.1 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар, 0.5 хувь буюу 8.1 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын арга, 1.1 хувь буюу 17.9 тэрбум төгрөгийн шууд худалдан авах аргаар, 19.6 хувь буюу 344.8 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар хэрэгжүүлсэн байна. Тайлант хугацаанд нийт 1722 нээлттэй тендер шалгаруулалт, 2978 харьцуулалтын арга, 352 шууд гэрээ байгуулах арга, 2882 шууд худалдан авах арга /төсөвт өртөг 10 сая төгрөгөөс доош/, 110 хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг зохион байгуулсан байна.

Хавсралт 1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний нэгдсэн дүн