БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБАНЫ 2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2016 оны 11-р сарын 15, 00:00

Тайлант хугацаанд хийсэн ажил үйлчилгээний талаар:

Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр 2016 онд 112 нэгжийг санхүүгийн нэгбүрчилсэн шалгалтад хамруулахаар төлөвлөснөөс 10 сарын байдлаар 55  байгууллагад шалгалт хийгдэж, төлөвлөгөөт шалгалт 100%-ийн биелэлттэй байна.

Хяналт шалгалтаар нийт 52227,0 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоосны 32586,0 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт, 19641,0 мянган төгрөгийг тухайн байгууллагад нөхөн төлүүлэхээр ажиллаж байна.

 

САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

2016 онд шалгалт хийсэн байгууллага бүрт Шилэн дансны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Иргэний тухай хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль,  Авто тээврийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан заавар, журмыг мөрдөж ажиллах, дотоодын хяналтыг бий болгож төсөв хөрөнгийн зарцуулалтыг хамт олонд ил тод нээлттэй болгох, тэдний саналыг тусгаж ажиллах талаар зөвлөмж өгсөн ба давхардсан тоогоор дээрхи 11 хуулийн 56 заалтын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллав.

Зарим төсөвт байгууллагуудаас төсөвт хөрөнгийн зарцуулалтын үндсэн баримтыг хагас дутуу бүрдүүлдэг, гарын үсгийг дутуу зуруулдаг дутагдал арилахгүй байна.

Төсөвт байгууллагууд батлагдсан төсвийг нийт дүнгээр бариулдаг боловч зүйл ангиар нь хэтрэлт, хэмнэлтийг гаргаж тэдгээрийг хооронд нь зохих шатны байгууллагаас зөвшөөрөл авалгүй гүйлгэн зарцуулдаг дутагдал түгээмэл байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар зарцуулах”, 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” 16-р зүйлийн 16.5.3-ын “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэсэн заалт, мөн хуулийн 16.5.5-р зүйлд заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;” болон Сангийн сайдын 2010 оны 48 тоот тушаалаар баталсан Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журмын 2 ба 3-р хавсралтуудыг зөрчиж байгаа ба урьд өмнө төдийлөн мөрдөгдөж хэвшээгүй байсан асуудал нөлөөлж байна. 

       Зарим байгууллагуудад хийгдсэн шалгалтаар дараах зөрчил дутагдалууд гарч байна. Тухайлбал сургуулиудад хийгдсэн шалгалтаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 заалт болон мөн зүйлийн 16.5.5 заалт, 42 дугаар зүйлийн 42.4  заалтуудыг  хэрэгжүүлээгүй, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын үйл ажиллагааны журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудыг мөрдөж ажиллаагүй, кассын тайланг зарим сард  зохих журмын дагуу гаргаагүй  байна. Мөн сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ноогдох хоолны батлагдсан нормативыг баримталж ажиллаагүй, зарим багш ажиллагсдын нэмэгдэл хөлсийг илүү болон дутуу тооцож олгосон зэрэг зөрчлүүд гарлаа. Зарим зардлыг хооронд гүйлгэн зарцуулахдаа Сангийн сайдын 2013 оны 73 тушаалын дагуу аймгийн төрийн сангийн зөвшөөрлийг аваагүй зарцуулжээ. Энэ зөрчил бүх төсөвт байгууллагуудаас гарч байгаа нийтлэг зөрчил бөгөөд үүнд сумуудын төрийн сангаас тавих хяналт хангалтгүй байна. Түүнчлэн зарим төсөвт байгууллагуудаас касс, харилцахаар зарцуулсан мөнгөний үндсэн баримтыг дутуу бүрдүүлсэн, албан томилолтын мөнгийг олгохдоо томилолтын хуудсыг зохих журмын дагуу дүгнээгүй олгосон,  аж  ахуйн хэрэгцээнд  зарцуулсан зүйлийн шаардах хуудсыг хянуулан хоёрдугаар гарын үсгийг зуруулаагүй зарлага гаргасан, бэлэн мөнгөөр худалдаж авсан зүйл болон төрөл бүрийн шагналын мөнгөнөөс ХХОАТ –ын хуулийн дагуу ашгийн татварыг суутгаж аваагүй олгосон зэрэг зөрчлүүд гарч байна.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

Аймгийн аудитын газрын 2015 оны 12-р сард Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд хийсэн нийцлийн аудитын тайлан, аймгийн Засаг даргад хүргүүлсэн  2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 06/44 тоот албан шаардлага, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичгийн дагуу Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн 108 байгууллагын албан тушаалтануудад хариуцлага тооцох тухай аймгийн Засаг даргын 2016 оны А/52 тоот захирамж гаргуулж, Шилэн дансны тухай хуулийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанууудад сануулах арга хэмжээ авч, захирамжийн биелэлтийг байгууллага бүрээр гаргаж аймгийн аудитын газарт хүргүүлсэн болно.

Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны 1-р сард аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтарч төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт “Шилэн дансы мэдээллийн нэгдсэн сан” сэдэвт семинар зохион байгуулж, нэгдсэн системд ороогүй байгаа байгууллагуудыг  шинээр бүртгэж мэдээллийн баазд бүртгүүлэх ажлыг зохион байгуулав.

Мөн түүнчлэн 2016 оны 1-р сард тус албанааас Шилэн дансны хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор 1 дүгээр улирлын төлөвлөгөө боловсруулан, албаны даргаар батлуулж, 112 байгууллагын шилэн дансны нэвтэрэлтийг шалгаж, мэдээллийг бүрэн оруулж ажиллах талаар зөвлөгөө өгч ажилласан болно.

Үндсэний аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/149 тоот албан бичгийн дагуу улсын төсвийн 34, орон нутгийн төсвийн 154 байгуулага,  төрийн өмчит хуулийн этгээдийн 3, орон нутгийн хуулийн этгээдийн 5 байгууллага,   53 сангуудын дэлгэрэнгүй судалааг батлагдсан маягтын дагуу дэлгэрэнгүй гаргаж, байгууллагын гэрчилгээний хуулбарын хамт аймгийн Аудитын газарт хүргүүлж ажилласан болно.

Сангийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 12-1/2061 тоот албан бичгийн хүрээнд Төсийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын Шилэн дансны 1 дүгээр улирлын тайланг батлагдсан маягтын дагуу гаргаж, төрийн өмчит хуулийн этгээдийн 31 , орон нутгийн өмчит хуулийн этгээдийн  141  байгууллага, ОНӨААТҮГ, ТӨҮГ-ын 6 байгууллагын мэдээллийг бүрэн оруулж Сангийн яамд хугацаанд явуулсан болно.

Шилэн дансны хэрэгжилтэнд тухай бүр  хяналт тавьж 2016 оны 8-р сард тус албанааас Шилэн дансны хавсралт маягтыг бөглөх зааварчилгааг цахимаар хүргүүлэн, чиглэл өгч ажилласан болно.

       Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2016 оны эхний 10 сарын байдалд аймгийн Аудитын газар нийцлийн аудит хийж үзэхэд үзэхэд орон нутгийн төсвийн шууд захирагч,  орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нар нь шилэн дансны нэгдсэн санд цэс нээлгэн бүртгэгдэн орж, сар бүр байршуулбал зохих мэдээллээ байршуулж байсан боловч 154 аж ахуйн нэгж, байгууллага зарим мэдээллээ хугацаанд нь бүрэн байршуулаагүй, хагас дутуу байршуулсан, зарим  сард огт байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.

             Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4.1.1-д “мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх”,  4.1.3-т”тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх”,  5.1.4-т ”мэдээллийг тогтмол шинэчилж байх”, 7.1-д “Шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийг дараах албан тушаалтан хүлээнэ” гэсэн   заалтуудыг тус тус зөрчсөн байна. .

        Шилэн дансанд мэдээлэл оруулах үүрэг бүхий албан хаагчдад  Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн явцыг цахим хуудснаас шууд хянаж шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах талаар заавар өгч ажиллаж байна

        Шилэн дансны нэгдсэн санд байршуулбал зохих мэдээллээ хагас дутуу байршуулсан буюу огт байршуулаагүй төсвийн шууд захирагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нарт мэдээллийг нөхөн байршуулах арга хэмжээ авч, хэрэгжилтийг нь Санхүүгийн хяналт, аудитын албанд ирүүлэхийг даалгав.

        Шалгалтын явцад мэдээлэл оруулах хэрэглэгчдэд тухайн талбарт ямар мэдээллийг хэрхэн оруулах талаар манай байгууллагаас удаа дараа сургалтыг явуулж байгаа боловч мэдээлэл оруулах хэрэглэгч болон админ хэрэглэгчид өөрчлөгдөх, хууль тогтоомжид заасан тухайн нэг мэдээлэлд байгууллагад хамааралтай ямар ямар мэдээлэл оруулах талаар жишээ байхгүйн улмаас эргэлзээтэй ойлгомжгүй байдал үүсч зааварчилгааг дагахгүй мэдээллээ буруу эсвэл дутуу оруулах эрсдэл их байна. Дотоод аудитын дүнгээр Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулахдаа холбогдох зааварчилгааг мөрдөхгүй байгаагаас шилэн дансны мэдээллийг хуулийн хугацаанд, үнэн зөв, иж бүрэн мэдээлэхгүй Шилэн дансны хууль, журам, заавар хангалтгүй хэрэгжүүлж байна гэж дүгнэв.

ДҮГНЭЛТ

Энэ онд хийгдсэн шалгалтын дүнгээс үзэхэд зарим байгууллагуудад анхан шатны болон НББ-ийн хөтлөлт сайн, өмч хөрөнгөнд бүртгэлээр тавих хяналт  болон дотоодын хяналт холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэвийн явагдаж, жилийн эцэст өр, авлага гаргаагүй, төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж санхүү, бүтгэл өмч хөрөнгийн талаар  гарах  зөрчил жил дараалан  буурч  санхүүгийн  сахилга  сайжирч байгаа боловч  зарим сумдад төлөвлөгөөнөөс давсан хэсгийн орлогыг төрөл бүрийн арга хэмжээнд хяналтгүй зориулалт бусаар зарцуулдаг, ой тэмдэглэж хандив өргөх, төсвийн захирагч, менежерүүд албаны машиныг  хяналтгүй ашиглаж шатахууны зардал, албан томилолт, холбоо гар утасны зардал, хөрөнгө худалдан авах зардлуудыг хэтэрүүлэн зарцуулдаг, ажлын ачаалалыг харгалзахгүй батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулдаг зөрчлүүд арилахгүй байна. Үүнээс үзэхэд зарим төсвийн захирагчдын хувийн сонирхол давамгайлсан гэж үзэхээр байна.

 

ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ

Системийн удирдах  байгууллагуудаас нэгдсэн шийдвэр гаргаж  бүх төсөвт байгууллагуудын  орон тоо цалингийн  зардлыг хянаж үзэх.

Их хурал болон Засгийн газар, Яам агентлагаас гарсан хууль, тогтоол,  тушаал шийдвэр, дүрэм, журамууд сум байгууллагуудад тухай бүр хугацаанд хүрч чадахгүй байгаагаас зөрчил дутагдал их гарч байна. Иймд гарсан тогтоол, шийдвэрийг төр, захиргааны байгууллага болон яам, салбар чиглэлээр дамжин сум, байгууллагад тухай бүр  хүргүүлж байх талаар дээрээс шийдвэр чиглэл гаргах.

Аймаг, сумын  төлөвлөгөөнөөс давсан орлого болон засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах журам, эрхийн акт гаргаж түүнд тавих хяналт хариуцлагыг  өндөржүүлэх.

 Хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагууд болон бусад удирдах байгууллагуудад  дотоодын ямар ч хяналтгүй байгаад дүгнэлт хийж дотоод хяналтыг өөрсдөөс нь  эхлэн хэрэгжүүлэн зохион байгуулах.

Ажлаас халагдсаны тэтгэмжийг тооцоо судалгаагүй илүү нэхэмжлэх, суутган барагдуулах явдал тухайн байгууллагын цалингийн зардалд хүндээр тусч байна.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээллийн талбарт мэдээллийг хэрхэн зөв оруулах талаар жишээ заавартай Демо заавар эсвэл видео хичээл байршуулж зааварчилгааг шилэн дансны хэрэглэгчид хаана хэзээ ч ашиглаж мэдээллээ үнэн  зөв оруулах боломжоор хангах

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ АУДИТЫН АЛБА