«БАРУУН БҮС НУТАГТ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ НЬ» СЭДЭВТ БҮСИЙН 2-Р ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2017 оны 04-р сарын 12, 00:00

 «Баруун бүс нутагт хувийн хэвшлийг дэмжих нь» сэдэвт бүсийн 2-р зөвлөгөөн өнөөдөр Баян-Өлгий аймаг дахь “Эмпати” ахлах сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн хөгжлийн банк, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөнд ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Азийн хөгжлийн банкны баруун бүсийн хувийн хэвшлийг дэмжих төслийн багийн ахлагч Кристофер Ландон-Лейн мөн Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын Засаг дарга нар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга М.Оюунчимэг, БОАЖ-ын сайдын Аялал жуулчлалын бодлогын зөвлөх Д.Гансүх /Ph.D/, Үндэсний хөгжлийн агентлагийн Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хүнсний үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Хишигжаргал, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн захирал Ж.Түвшинсанаа нар оролцож байна.

Зөвлөгөөний үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан «Аймгийн дагнах ба хорших салбарын танилцуулага» сэдвээр илтгэл тавьж аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болон Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, мал аж ахуйг тулгуурлан цаашид эрчимтэй хөгжүүлэх үйлдвэрүүдийн зорилго, зорилтыг танилцуулав.

Мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Засаг дарга нар илтгэл тавьж байгаа бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнөж, аймгуудын брэнд бүтээгдэхүүний танилцуулга  зохион байгуулагдаж байна.