“АЛТАЙ БИДНИЙ НИЙТИЙН ГЭР” ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БНХАУ-ЫН ШУӨЗО-НЫ ҮРЭМЧ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017 оны 04-р сарын 24, 00:00

2017 оны 04 дүгээр сарын 17- 20-ны хооронд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрэмч хотод “Алтай бидний нийтийн гэр” Олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хуралдаан болж уг хуралдаанд БНХАУ, ОХУ, КАЗАХСТАН,  МОНГОЛ зэрэг 4 улсын төлөөллүүд хамтран оролцлоо.

Тус хуралдааны гол зорилго нь Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Алтай бидний нийтийн гэр” Олон Улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хуралдааны шийдвэр болон 2017 оны төлөвлөгөөг батлах, Олон Улсын зохицуулах зөвлөлийн ээлжит даргалагч тал болон 2018 оны ажлын хурлыг зохион байгуулах газрыг тогтоох юм.

Энэхүү хуралдаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй ажлын хэсэг оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга «Баян-Өлгий аймгийн хөгжлийн бодлого» сэдвээр илтгэл тавьж, дэд бүтэц, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ, хилийн боомт дахь тулгамдаж буй зарим саад бэрхшээлийн талаар хамтран ажиллах санал дэвшүүлэн Олон Улсын зохицуулах зөвлөлийн 2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгууллаа. Мөн "Тайкешкен" боомтыг хариуцсан удирдлагуудтай уулзаж хилийн боомтод тулгамдаж буй зарим асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.

Тодруулбал:БНХАУ-аас манай улсад бараа таваар нийлүүлдэг бизнес эрхлэгч нарт бараа таваараа заавал зориулалтын бүхээгтэй /футктай/ машинаар тээвэрлүүлэхээр шаардлага тавьсан ба үүнээс болж манай талын бизнес эрхлэгч нар хилээр бараа таваараа нэвтрүүлж чадахгүйд хүрч, зарим бизнес эрхлэгч нарыг зориулалтын бус машинаар бараа таваар тээвэрлэсэн гэх үндэслэлээр торгууль ногдуулж саад бэрхшээл учруулж байсан удаатай билээ.

Үүнийг аймгийн Засаг дарга А.Гылымхан БНХАУ-ын ШУӨЗО-ны Тайкешкен боомтын удирдлагуудад уламжилж хэлэлцсэний үндсэн дээр цаашид заавал зориулалтын гэхгүй том оврын тээштэй авто машинаар тээвэрлэж хил нэвтрүүлэх боломжтой болголоо.