“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

2017 оны 05-р сарын 06, 00:00

Монгол Улсын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

Уг хөтөлбөрийн нээлт өнөөдөр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулагдлаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож үг хэлэв.

Тэрээр “Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирусийн өвчлөлийг эмчлэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирусийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг Засгийн газар хэрэгжүүлж байна. Мөн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажлууд хийгдэж байгааг дурдлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В,С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн байгаа ба үүний тал хувь нь С вирусийн архаг халдвартай тал нь В вирусийн архаг халдвартай амьдарч байгаа юм байна.

Энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох аж.