БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГ /ТИКА/-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2017 оны 05-р сарын 09, 00:00

Баян-Өлгий аймгийн удирдлагууд БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа-эр, зөвлөх Камил Колабаш,  ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагаа болон Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Аймгийн удирдлагууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар болон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аймгийн төвийн зарим барилга байгууламжийг танилцууллаа. Тухайлбал: аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга болон Хүүхдийн хөгжлийн ордныг шинээр барих, зарим сургууль цэцэрлэгийн барилга, сумуудын соёлын төв, дотуур байрыг засварлах шаардлагатай байгаа талаар дурдлаа.

Ноён Мэхмэт Сүрэйяа-эр аймгийн удирдлагуудын хүсэлтийг хүлээн авч, баригдах барилгын болон засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэг, дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

ТИКА нь дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 30 улсад, 33 хөтөлбөр зохицуулалтын газраар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээр орнуудтай эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, мөн тухайн орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор төрөл бүрийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.