“МАЛЧДЫГ СОНСЪЁ” АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2017 оны 05-р сарын 12, 00:00

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Малчдыг сонсъё” аймгийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд болон аймгийн 77 багийн 300 гаруй малчид оролцож, санал бодлоо солилцлоо. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, аймгийн Засаг дарга А.Гылымхан «Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал ба малчид» сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Зөвлөгөөний явцад аймгийн эдийн засгийн тулгуур болсон уламжлалт мал аж ахуй, бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, зүй зохистой, үр өгөөжтэй ашиглах, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, улс, аймаг, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлээ илэрхийлэн уриалга гаргалаа.

Малыг эрүүлжүүлэх, бэлчээрийн даацанд тохируулсан ашиг шим арвинтай малыг сонгон үржүүлэх, малын эмийн зохисгүй хэрэглээг халж, малын эмч өвчний оношийг баталгаажуулсан нөхцөлд малын эмчийн жорын дагуу эмчилгээ сувилгаа хийлгэх, малын гаралтай түүхий эд мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах үндэсний болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, мөн уулын хадландаа 08 дугаар сарын 01-нд, голын хадланд 08 дугаар сарын 15-нд гарч, намаржаандаа 09 дүгээр сарын 15-аас, өвөлжөөндөө 11 дүгээр сарын 15-аас хойш бууж бэлчээрийг хуваарьтай ашиглах зэрэг асуудлуудыг хамтран хэлэлцэж баталлаа.

Тус зөвлөгөөнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар,  Файнноос ХХК, Мерси Кор ОУБ, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран зохион байгуулав.

Уг арга хэмжээний үеэр мал аж ахуйн салбарт он удаан жил ажилласан зарим малчдыг аймгийн ИТХ дарга болон Засаг даргын “Жуух бичиг” хүндэт медалиар шагнан урамшуулав.