УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН НАР НОГООННУУР СУМ, ЦАГААННУУР ТОСГОНЫ АРД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2017 оны 06-р сарын 06, 00:00

            Өнөөдөр буюу 06-р сарын 05 өдөр УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар Ногооннуур сум болон  Цагааннуур тосгоны иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Уг уулзалтаар ард иргэдийн дуу хоолойг сонсож, ажлын чиг үүрэгтээ тусгах, сум орон нутгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудалтай танилцах зорилгоор ийнхүү ажиллаж байгаа юм. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Солтан УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж болон өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ. Мөн аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн салбар тус бүрт хийгдэж байгаа ажлуудыг, цаашид хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажлуудын талаарх мэдээллийг өглөө. 

Ногооннуур сумын ард иргэд хүүхдийн цэцэрлэгийг шинээр барих, телевизийн зарим сувгууд гаргахгүй  байгаа талаар мөн  Өлгий хүртэлх шороон замыг засах шаардлагатай байгаа талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн бол Цагааннуур тосгоны ард иргэд шинээр сургууль барих, хүүхдийн цэцэрлэгийг тоглоом, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгааг  мөн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай холбоотой санал хүсэлтээ дэвшүүллээ. Иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн ажил хэрэг болгохоо удирдлагууд илэрхийллээ.