ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТ 140,0 САЯ ТӨГРӨГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

2017 оны 11-р сарын 29, 00:00

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА ОУБ-ын санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасагт 140,0 сая төгрөгөөр их засварын ажил хийгдэж өнөөдөр ашиглалтад орууллаа.

Тус хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Х.Манчук, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг даргын орлогч А.Айтуган, ЗДТГ-ын дарга Ш.Бахытжан, Хүүхдийн эмч, Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч н.Аяужан болон эмч сувилагч ард иргэд оролцсон юм.

Тэрээр нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн удирдлагууд Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ард түмэнд тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэж, тусламжийн гараа сунган олон сайхан ажлуудыг санхүүжүүлэн хийж гүйцэтгэж өгсөн ТИКА ОУБ-д баярласан талархсанаа илэрхийлэв.

Түүнчлэн аймгийн удирдлагын зүгээс тус хүүхдийн тасгийн дотоод тохижилтийг бүрэн хангаж өгөхөөр боллоо.

Онцолж хэлэхэд энэ жил ТИКА ОУБ-ын санхүүжилтээр Баян-Өлгий аймагт 780 сая төгрөгийн 6 төсөл хөтөлбөр хэрэгжсэн юм.

Үүнд:

• Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг

• Өлгий сумын 4 дүгээр хүүхдийн цэцэрлэг их засвар

• Алтай сумын дотуур байрны тохижилт,

• Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүреэгийн болон ариутгалын тасаг /хийгдэж байна./

• 5 дугаар бүрэн дунд сургуулийн В корпус болох Дорнод Казакстан мужийн их сургуулийн хуучин байрыг цэцэрлэг болгон засварлах

• Цэнгэл сумын сургуулийн дотуур байрны гал тогооны тохижилт зэрэг нийт 780 сая төгрөгний ажлыг санхүүжүүлэн гүйцэтгүүлжээ.

Тодруулж хэлвэл: Өнгөрсөн 5 дугаар сарын 29-ний өдөр БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр гуай Баян-Өлгий аймагт айлчлах үеэр аймгийн удирдлагуудын зүгээс дээрх хэд хэдэн асуудлыг хүсэлт болгон уламжилсан билээ.

Тэр үед ноён /Тика/-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, аймгийн удирдлагын хүсэлтийг хүлээн авч, шинээр баригдах барилгын болон засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэг, дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Дашрамд хэлэхэд эмчлүүлэгч хүүхдүүдэд стандартын шаардлага хангасан таатай тохилог орчныг бүрдүүлж өгсөн ТИКА ОУБ-га болон Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТИКА-гийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Вэйсэл Чифтжи нарт нийт Баян-Өлгий аймгийн ард иргэдийн өмнөөс дахин баярласан талархсанаа илэрхийлье.

 

                                                                                                                                                                       Н.Ерлан

                                                                                                                                                                     2017.11.29