АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЗАРИМ СУМДЫН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2018 оны 01-р сарын 11, 00:00

Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаатай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх, хүндэрч болзошгүй автозам, давааг нээж, цэвэрлүүлэх арга хэмжээ авах зорилгоор аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Улсын нөөцийн салбарын дарга Ж.Аманжол, ХХААГ-аас Нургулан, ОБГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн З.Азат нар Толбо, Дэлүүн, Алтай, Буянт, Сагсай сумдад ажиллалаа.

Цаг үеийн нөхцөл байдал, мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцан өвөлжиж байгаа малчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд ирлээ.

Тэрээр зарим малчдаас өвөлжилтийн нөхцөл байдлыг тодруулахад: Өвөлжилт зудын түвшинд хүрээгүй, бэлчээрийн даац муу, цас хэдийгээр бага орсон ч доороос нь цухуйх өвсгүй болохоор мал, амьтанд хүндрэл учирч мал хорогдох хээл хаях зэрэг асуудал гарч байна гэв.

Мөн малчид өөрсдөө өвс тэжээлийг зохих хэмжээгээр бэлдсэн ч хүрэлцэхгүй байгаа учир үнийн хөнгөлөлттэй өвс тэжээлийн тусламж үзүүлэхийг хүсч байлаа.

Харин аймгийн удирдлагуудын зүгээс мал бэлчээрлэхэд хүндрэлтэй, өвс тэжээлийн дутагдалд орсон сумын малын тоо толгойг харгалзан өвс тэжээлийг ойрын хугацаанд олгохоор шийдвэрлэв.

Онцолж хэлэхэд малын бэлчээрийн цасны зузааныг хэмжиж үзэхэд 2-3 см байсан, Хүндэрч болзошгүй автозам, давааг  нээх, цэвэрлэх ажлыг өдөр болгон сумаас машин техник гаргаж гүйцэтгэж байгаа юм байна.

 

                                                                                                                                                     Н.Ерлан.

                                                                                                                                                   2018.01.11