ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОНО.

2018 оны 01-р сарын 11, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд онцгой комисс хуралдаж хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар комиссын гишүүд мэдээлэл хийж дараах асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

· Аймгийн нөөцөөс өвс, тэжээлийг малчдад олгох, үнийг хөнгөлөх,

· ЗГ-ын тогтоолоор батлагдсан 136 сая төгрөгөөр өвс тэжээл худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах,

· Улсын нөөцөөс өвс тэжээл борлуулах зөвшөөрлийн хүрээнд өвс, тэжээлийг сумдад хуваарилах асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал: Аймгийн мал хамгаалах сангаас нэг боодол нь 4300 төгрөгийн үнэтэй өвсийг 3500 төгрөгөөр, 21000 төгрөгийн үнэтэй тэжээлийг 13600 төгрөг болгож хямдруулан олгохоор шийдвэрлэлээ. Нийтдээ Мал хамгаалах сангаас 157 тн буюу 7800 боодол өвс, 16 тн буюу 320 ширхэг тэжээлийг дээрх хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Одоогийн байдлаар аймгийн 9 сумд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн төлөвтэй байгаа бөгөөд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан комиссын гишүүдэд сумдад хуваарилж байгаа өвс, тэжээлийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдэлийн бүсэд байгаа малчин иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлаа нэгдсэн удирдлагаар сайтар ханган, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг танилцуулж байхыг үүрэг болголоо.

                                                                                                                                                           Н.Ерлан

                                                                                                                                                          2018.01.11