Т.ФЕСТИВАЛЬ: 1 САЯ 500 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ЦАЛИН АВДАГ АЖИЛТНААС СУУТГАХ ТАТВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРООГҮЙ.

2018 оны 01-р сарын 12, 00:00

Өнөөдөр ээлжит шуурхай хурал болж хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан хуралдааныг нээж өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлуудыг танилцууллаа.

Үүний дараа цаг агаарын төлөв байдалтай холбоотой УЦУОШГ-ын дарга П.Жанаргүл,Татварын өөрчлөлт болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид орсон зарим өөрчлөлтүүдийн талаар Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль, Эрүүл мэнд нийгэм даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХХҮГ-ын дэд дарга К.Самархан, Дулаан хангамжтай холбоотой өмнөх шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг “Эрчимбаян ХХК” ерөнхий инженер н.Бейбит нар тус тус танилцуулж мэдээлэл хийв.

Тодруулбал Татварын хэлтсийн дарга Т.Фестивал: Татвар нэмэгдлээ гэж ард иргэд буруу ойлголт авч байгаа юм .7 төрлийн татвар нэмэгдлээ гээд ард иргэдэд ачаалал нь хүндээр тусахгүй сард 1.5 сая төгрөг хүртэлх цалин авдаг ажилтнаас суутгах татварт өөрчлөлт ороогүй бөгөөд хуучнаар буюу 10 хувиар тооцно гэж шуурхай хурлын үеэр онцлон хэлсэн бол Эрүүл мэнд нийгэм даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нарийн зохицуулалт хийгдсэн Тэтгэвэр тогтоолгох хүмүүст хандаж хэлэхэд 2018 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар гэхчлэн жил бүр өсөх эрэмбээр тогтоолгох юм. Нэмэлт тодруулах зүйл байвал тэтгэвэр тэтгэмж хариуцсан Улсын байцаагч нараас асууж мэдээлэл авахыг санал болгов. Мөн Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжсэнтэй холбогдуулан ХХҮГ-ын дэд дарга К.Самархан мэдээлэл хийж тус хөтөлбөрт хамрагдах ээжүүдийн бүрдүүлэх материалыг тус тус танилцууллаа.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан бүх байгууллагын дарга нарт олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өмнөх онд хийгдсэн ажлуудыг болон УИХ, ЗГ-аас гаргасан холбогдох хууль тогтоомжуудын /Цалинтай ээж хөтөлбөр, Татварын өөрчлөлтийн / талаарх мэдээ мэдээллийг сурталчлан ард иргэдэд үнэн зөв мэдээлэл хийх, арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болголоо.

                                                                                                                                                                      Н.Ерлан

                                                                                                                                                                    2018.01.12