ӨСВӨРИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЭХЭЛЛЭЭ.

2018 оны 02-р сарын 03, 00:00

Түүхэнд анх удаа "Тастүлек" бөхийн дэвжээний санаачлагаар зохион байгуулж байгаа Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол улсын "өсөх идэр, улам өрнөх" улсын харцага Однайн Бахытын нэрэмжит өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдаан аймгийн Спорт цогцолборт албан ёсоор эхэллээ.

Тус бүсийн аварга шалгаруулах өсвөрийн Үндэсний бөхийн барилдаанд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг баруун бүсийн аймгуудын өсвөрийн 210 гаруй бөхчүүд насны 9 ангилалаар хүч үзэхээр хүрэлцэн ирсэн байна.

Барилдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл, Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Улсын харцага О.Бахыт, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Төлеубек, "Тастүлек" бөхийн дэвжээний тэргүүн аймгийн начин С.Бахыт нар оролцож өсвөрийн бөхчүүдэд амжилт хүслээ.

Түүнчлэн "Тастүлек" бөхийн дэвжээг байгуулж өсвөр үеийнхнийг Монголын үндэсний бөхөд дур сонирхолтой болгон залуучуудын ур чадварыг дээшүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж яваа "Тастүлек" бөхийн дэвжээний тэргүүн, аймгийн начин С.Бахытыг хүндэт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Н.Ерлан

2018.02.03