БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2018 оны 02-р сарын 26, 00:00

 

Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар 2018 оныг салбарын бүтээмж хариуцлагыг өндөржүүлэх жил болгон зарласантай холбогдуулан өнөөдөр "Хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн" зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний зорилго нь ХХАА-ын салбарт 2017 онд хийгдсэн ажлыг тайлагнах, 2018 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах, ХХАА-н салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, санал бодлыг сонсоход оршиж байгаа юм.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож Мал аж ахуй өсөлтийн түвшин, ололт амжилт, бэрхшээл хүндрэл, эдийн засагт эзлэх байр суурь, хадлан, малын бэлчээрийн хүрэлцээ, гарал үүсэл, нүүдэл суудал, төр засгийн баримталж буй бодлого шийдвэр, зэрэг асуудлуудыг хөндөж зөвлөгөөнд оролцогчдод хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

· Вакцинжуулалтыг технологийн дагуу хугацаандаа хийх

· Малчин бүрт ялгаварлахгүйгээр тэгш хандах

· Малчдыг ноосны болон арьс ширний урамшуулалд бүрэн хамруулах

· Малыг байгалийн аливаа эрсдэлээс хамгаалах нэг арга нь индексжүүлсэн даатгал гэдгийг малчдад ойлгуулж даатгалд бүрэн хамруулах ажил зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.

 

Мөн аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт ХАА-н салбарт холбоотой 23 үйл ажиллагаа тусгагдсан байгаагаа онцлон хэлж, цаашид ажил хэрэг болгож ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уг зөвлөгөөнд аймаг, сум хөдөө орон нутгаас 100 гаруй хүн ирж оролцсон байна.

 

Н.Ерлан

2018.02.26