“АРХИНЫ ШИЛ ЦУГЛУУЛАХ” УРАЛДААНД НИЙТ 10 СУРГУУЛЬ ОРОЛЦОЖ 20503 ШИРХЭГ АРХИНЫ ШИЛ ЦУГЛУУЛЖЭЭ

2018 оны 03-р сарын 19, 00:00

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/52 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2018 оны А/156 тоот захирамжийн дагуу байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр буюу 2018 оны 03 сарын 19-ны  өдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Тус арга хэмжээг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, УЦУОШГ, Монгол Алтай нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги, МБИОЗ-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар, Дэлхийн зөн Монгол ОУБ-га хамтран зохион байгуулсан юм.

Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого үйл ажиллагаа шинээр болон шинэчлэн батлагдсан эрх зүйн актуудыг олон нийтэд сурталчлах, санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулагдсан билээ.

Түүнчлэн дээрх байгууллагуудын  “Байгаль эх дэлхийгээ цэвэр ариун байлгаж хойч үедээ өвлүүлэн үлдээе” уриан доор зохион байгуулсан “Архины шил цуглуулах” уралдаанд идэвх санаачлагатай оролцож шагналт байранд шалгарсан байгууллагуудын шагналыг гардууллаа.

Онцолж хэлэхэд “Архины шил цуглуулах” уралдаанд нийт 10 сургууль оролцож 20503 ширхэг архины шил цуглуулжээ. Харин нэгдүгээр байрт  Бугат бүрэн дунд сургууль, /5100 ширхэг архины шил цуглуулав./ хоёрдугаар байрт 4 дүгээр бүрэн дунд сургууль, /3481 архины шил цуглуулав./            Гуравдугаар байрт 3 дугаар бүрэн дунд сургууль, /3050 архины шил цуглуулав./ Дөрөвдүгээр байрт  1 дүгээр бүрэн дунд сургууль, /2656 архины шил цуглуулав./ Тавдугаар байрт  Эмпати сургууль, /2476 архины шил цуглуулав./ тус тус шалгарсан байна.

“Архины шил цуглуулах” энэхүү уралдаанд идэвх санаачлагатай оролцсон  байгууллагуудын шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулж баяр хүргэлээ.

                       

Н.Ерлан.

2018.03.19