ШИНЭ 250 ОРТОЙ ЭМНЭЛЭГ БАРИГДАХААР ШИЙДВЭР ГАРЛАА

2018 оны 03-р сарын 21, 00:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнөөдөр өглөө 09 цагт аймгийн  төв талбайд цэргийн хүрээ жагсаж хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дараа нь аймгийн Засаг даргын тамгын газарт аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал бодлыг сонсов.

Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхан  1974 онд  50 мянган хүн амд үйлчлэх зорилгоор баригдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал ихсэж, барилга нь хуучирсан тул шинээр барих шаардлага гарсаныг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа  Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын Өлгий хотын төвийг дайран өнгөрөх хэсгийг өөрчилж тойруулан гарах 20 км зам, Ховд голд төмөр бетон гүүрийн хамт барих, мөн Өлгий-Казахстан чиглэлийн онгоцны нислэгийг дахин сэргээх, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа 10 гаруй төрийн байгууллагын байрны асуудлыг шийдвэрлэх, Улаанхус сумын Хөх хөтөл баг болон Цагааннуур тосгоныг сум болгох зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг санал болголоо. 

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, төсөв хөрөнгө нь шийдэгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг цаг хугацаандаа багтааж хийж гүйцэтгэх, хүнд суртал, чирэгдэл гаргахгүй ажиллаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг хугацаанд шийдвэрлэх, авилга хээл хахуулаас ангид байж, төрийн захиргааны албан хаагчидтай байгуулсан үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэн, хангалтгүй биелүүлсэн албан хаагчдад хариуцлага тооцох, 2018 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээнүүдийн үнэлгээний хороодыг яаралтай байгуулан тендерийг нь хугацаанд шалгаруулах, Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн удирдлагуудад болон хэлтэс, агентлагийн дарга нарт тус тус үүрэг болгож аймгийн Засаг даргын санал болгож тавьсан 1974 онд баригдсан хуучирсан Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихаар, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын тойрч гарах 20 км замыг бетонон гүүрийн хамт, Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг 2019 ондоо багтаан барьж ашиглалтанд оруулахаар шийдвэрлэлээ.

Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын албаны хүмүүс хамт явж байгаа бөгөөд одоо Нэгдсэн эмнэлгийн барилга, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын тойрч гарах 20 км замыг болон Өлгий сумын хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна.

Н.Ерлан

2018.03.21