МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

2018 оны 03-р сарын 21, 00:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий  аймгийн иргэд хөдөлмөрчидтэй өнөөдөр 14 цагт Хөгжимт драмын театрт уулзалт хийлээ.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа  нар болон зарим яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, иргэд хөдөлмөрчид оролцлоо.


Уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулсан бол  бусад салбарын сайд нар салбарынхаа бодлого чиглэл, орон нутагт үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

   Уулзалтын үеэр 13 иргэн санал хэлсэн ба 6 хүн бичгээр санал хүсэлтээ уламжилсан юм.

Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд нар, аймаг орон нутгийн удирдлагын болон иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлаж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн түүнчлэн энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан  200 ортой шинэ нэгдсэн эмнэлэг, 250 хүүхдийн хүчин чадалтай хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын аймгийн төвийг дайран өнгөрөх хэсгийг өөрчилж тойруулан гарах 20 км замыг гүүрийн хамт барих асуудлыг газар дээр үзэж тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдэж өгснийг онцолж Ерөнхий сайд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хувиасаа болон аймгийн хөдөлмөрч ард түмний өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэв.

Н.Ерлан.

 

2018.03.21