МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАУРЫЗЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

2018 оны 03-р сарын 22, 00:00

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн ургах урин цагийн эхлэл болсон билэг дэмбэрэлт өдөр тохиодог, өнө эртний уламжлалт “Наурыз”-ын баяр бол казах түмний өвөг дээдсээс нь уламжлагдаж ирсэн онцлогтой баяр юм.

Гуравдугаар сарын 22-ний энэ өдөр тохиож байгаа Казах түмний  “Наурыз”-ын баярыг Баян-Өлгийчүүд аймгийн төв талбайд өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Энэ жилийн “Наурыз”-ын баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар оролцлоо.

“Наурыз”-ын баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж үг хэлсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нийт Казах иргэддээ болон нутгийн зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ жилийн “Наурыз”-ын баяр өмнөх жилүүдээс онцлогтой болж, 1000 (мянган) домборчин хүүхэд домбор тоглож, Казах түмний үндэсний бүжиг «Каражорга»-г 99 хүүхэд бүжиглэн үзэгч олноо баясгалаа.

Түүнчлэн  “Наурыз”-ын баяр үйл ажиллагаа үндэсний уламжлалт ёс заншлыг харуулсан баярын парадаар үргэлжилж хүүхэд өлгийдөх, тусау кесер, бэр буулгах, көкпар буюу морин дээрээс тулам булаалдах зэрэг үзүүлбэрүүдийг сонирхууллаа.

Н.Ерлан

2018.03.22