“ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018 оны 03-р сарын 28, 00:00

Өнөөдөр аймгийн хөгжимт драмын театрт насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх , хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдын Засаг дарга, сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг хамруулсан “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Өлгий сумын ИТХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын аймаг дахь салбар хамтран зохион байгуулав.
Тус зөвлөгөөн нь хүүхэд хамгаалал, хүүхдэд аюулгүй ээлтэй орчин бүрдүүлэхэд эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, цаашид тэдний зан үйл, ойлголт, хандлагад нөлөөлөх үйл ажиллагааг өргөн хүрээнд авч хэлэлцэж байгаагаараа онцлогтой болж байна.
Нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Гылымхан хийсэн юм.
 
Тэрээр нээлтийн үйл ажиллагааг хийж хэлсэн үгэндээ: “Өнөөдөр аймгийн хүн амь 102 мянгад хүрлээ. Үүний 35200 нь буюу 34,6 хувийг бидний ирээдүй болсон 0-18 насны хүүхэд залуучууд эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өсөх хандлага ажиглагдаж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд оролцсон гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Аймгийн төр, захиргааны зүгээс Гэр бүл, хүүхдэд зориулсан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хамгааллын ажил үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хүчирхийллээс хамгаалах төвийг байгуулахаар санхүүжилтийг энэ жилийн төсөвт суулгалаа” хэмээн онцолж зөвлөгөөний үйл ажиллагаанаас амжилт хүсэв.
 
Н.Ерлан
 
2018.03.28