“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН” НЭГ САРЫН АЯН ЗАРЛАВ

2018 оны 03-р сарын 30, 00:00

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, өмнөх шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар танилцуулсан юм.

Үүний дараа Өлгий сумын ИТХ, ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гаалийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, УЦУОША, зэрэг байгууллагуудын дарга нар болон түүнийг төлөөлөн оролцогчид мэдээлэл хийв.

Онцолж хэлэхэд өнөөдрийн шуурхай зөвлөгөөнд Гаалийн газрын дарга С.Хавыл ОХУ-тай хилийн боомтын асуудлаар уулзалт хийж, хөл хөдөлгөөн их нэвтрэн ордог ачаалал ихтэй зуны гурван сард хилийн боомтыг уртасгасан байдлаар буюу 12 цагаар ажиллуулах саналыг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст тавьж тохиролцоонд хүрсэн гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар Өлгий сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн “Би хариуцлагатай иргэн” нэг сарын аян зарласныг Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат танилцуулж, албан байгууллагууд идэвх санаачлагатай оролцож хамтран ажиллахыг хүслээ.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч А.Камелият байгууллагуудад орчны хог хаягдлын талаар болон хууль тогтоомжийн хэрэгжилтэнд анхаарч холбогдох үйл ажиллагааны мэдээ мэдээллийг цаг тухайд нь цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Н.Ерлан.

2018.03.30