“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН 2 ДАХЬ ШАТНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2018 оны 04-р сарын 04, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан юм.

Өнгөрсөн жил энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааг албан ёсоор хийж 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирусийн илрүүлэг, оношилгоог 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөгдсөн билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийгдэх юм.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгаас 40-65 насны 18196 иргэн хамрагдах ёстой боловч 7082 буюу 38,9 хувь нь хамрагдсан байна. Хамрагдаж чадаагүй хүмүүс үргэлжлүүлэн хамрагдах боломжтой бөгөөд өнгөрсөн оны баталсан төлөвлөгөө ёсоороо 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийх “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг 2 дахь шатны нээлтийн үйл ажиллагааг аймгийн спорт цогцолборт өнөөдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Манчук, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга Б.Асель нар оролцож, “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа эмийн хөнгөлөлт, оношлого, эмчилгээний талаар онцолж зорилтот насны хүмүүсийг бүрэн хамруулах чиглэлээр анхаарч ажиллахыг эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагч нарт анхаарууллаа.

Дашрамд хэлэхэд энэхүү хөтөлбөрийг хүрээнд Баян-Өлгий аймгийн 15-65 насны 43 мянган иргэн оношлого, эмчилгээнд хамрагдах ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 7 мянган иргэн хамрагдсан байна.

Н.Ерлан

2018.04.04