ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2018 оны 04-р сарын 10, 00:00

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци болон Монгол Улсын Сангийн яам хоорондоо байгуулсан гэрээний дагуу "Тогтвортой амьжиргаа-3"  төслийг 2015 оноос МУ-д хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Уг "Тогтвортой амьжиргаа-3"  төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх санаачилга" нэртэй төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Тэрээр өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар төслийн үйл ажиллагааны явц байдалтай танилцах, зөвлөгөө өгөх зорилго бүхий Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт явц байдлын талаар ярилцаж санал солилцлоо.

Энэхүү төслийн зорилго нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдэд санал өгөх ажилд тус сумын иргэдийг идэвхтэй хамруулах, ард иргэдийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Орон нутгийн хөгжлийн сангийн журмын 5.1.4-т ирэх онд ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудад баг хорооны иргэдийн саналыг жил бүрийн 2 дугаар улиралд багтаан авч нэгтгэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ гэж тусгасан юм. Харин Засаг даргын Тамгын газар нь Орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсэгтэй хамтран иргэдээс ирсэн саналд үндэслэн урьдчилсан жагсаалт гаргаж эрэмбэлэн сумын ИТХ-д оруулдаг ёстой.

 Гэтэл санал авах ажиллагаанд иргэд хангалтгүй хамрагдсанаас болж тухайн орон нутагт нэн тулгамдсан асуудлууд орхигдон ач холбогдол багатай саналууд дэмжигдэх тохиолдлууд их гардаг юм

Тийм учраас төсөл хэрэгжүүлэгчид санал авах ажиллагаанд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх үүднээс Улаанхус сумд "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх санаачилга" нэртэй төсөл хэрэгжүүлж эхэллээ.

 Онцолж хэлэхэд  ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэхүү "Тогтвортой амьжиргаа-3"  төслөөр хийгдсэн туршилт амжилттай хэрэгжвэл цаашид бусад сумдад хэрэгжүүлэхээр өнөөдрийн уулзалтын үеэр тохиров.

Н.Ерлан

2018.04.10