ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН ГАРГАЖЭЭ

2018 оны 04-р сарын 23, 00:00

Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажилтны тоог нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах  зорилт дэвшүүлсэн юм.

 Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Европын холбоо, Германы GFA групп, А.Зайтины нэрэмжит Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран аймгийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г  хийсэн юм.

Тодруулбал: Баян-Өлгий аймгийн  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаарх үнэн бодит мэдээллийн санг бүрдүүлж, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн шийдвэрлэх арга зам, боломжуудыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгаа хийгдсэн билээ.

Тэрээр өнөөдөр энэхүү судалгааны үр дүнг тайлагнах уулзалт болж судалгааны багийн гишүүд  хийсэн ажлаа танилцууллаа.

Судалгаанд орон нутгийн хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч, ажилгүй иргэд, малчид, оюутан, залуу үеийнхэн хамрагдсан ба судалгааны хүрээнд орон нутгийн ажил эрхлэгчид болон ажил олгогчдын судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн судалгаа, төгсөгчдийг ажлын байраар хангах эрэлтийн судалгаа, ажил эрхлэлтийн талаар тандалт судалгаа, эрэлттэй мэргэжлийн судалгааг тус тус  хийж, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулан ном болгон хэвлэн гаргажээ.

Энэхүү судалгаанд тулгуурлан  хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн жагсаалтыг гаргасан байна. Үүнээс үзэхэд хүнсний технологич, арьс ширний технологич, хүнд даацын машин механизмын жолооч, оператор, геофизикч, радио телевизийн засварчин, тоног төхөөрөмжийн засварчин, хөгжимчин, малчин, тогооч, мужаан, худалдагч, газар тариалан, фермер, бетон арматур, засал чимэглэл, гагнуурчин зэрэг мэргэжлүүд эрэмбэлэгдэн судалгаагаар тогтоогджээ.

 

Н.Ерлан

2018.04.23