МСҮТ-ИЙН ТӨГСӨГЧДИЙГ ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛД ХАМРУУЛНА

2018 оны 04-р сарын 25, 00:00

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс бэлтгэгдэж буй мэргэжлүүдийн онцлог, чиг хандлагын тухай олон нийтэд хүргэх зорилгоор “Мэргэжлийн боловсрол-бидний ирээдүй” нэг сарын аяны нээлтийн ажиллагааг хийлээ.

Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Съезхан, ХХҮЕГазрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга Ганболд, Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Заманбек, МСҮТ-ийн захирал И.Жанболат, ажил олгогч байгууллагуудаас Дострой” ХХК-ны инженер З.Адилет, “Күмис ине” ХХК-ны менежер Х.Булан, Ганбарс ХХК захирал С.Нурлан нар оролцож, тус төвийн дадлагын газарт шинээр ирсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон оюутнуудын өөрсдийн урласан хашааны хаалга, дугуй шат, гэрийн зуухны жижиг моделиудыг үзэж танилцсан юм.

Мөн аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн төгсөгчдийг эзэмшсэн мэргэжлээрээ бизнес, аж ахуй эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, худалдан авахад дэмжлэг үзүүлэн залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөлд хамруулах талаар анхаарч ажиллахаа онцлон хэллээ.

 
 
Н.Ерлан
 
2018.04.25