ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЙМГИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 05-р сарын 04, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээний биелэлтийн хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Цагдаагийн газар, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ус, цаг, уур орчны шинжилгээний алба зэрэг байгууллагууд хамтран ХИС-ийн аймаг дахь салбар сургуулийн хурлын танхимд байгаль орчны ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд дээрх байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцож байгаа ба байгаль орчны талаар шинэчлэгдэн батлагдсан хуулиуд болон тэдгээртэй холбоотой гарсан дүрэм журам, зааврын хэрэгжилтийг хангуулах,  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох түүнийг шийдвэрлэхэд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, салбарын гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх тухай нэгдсэн ойлголттой болох ажээ.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, байгаль хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажиллаж байгаа байгаль орчны улсын байцаагч, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит “ Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнаж баяр хүргэлээ.

Н.Ерлан.

2018..05.04