БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ БИЙ БОЛГОХ СУДАЛГАА ХИЙГДЭНЭ

2018 оны 05-р сарын 08, 00:00

Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу Азийн хөгжлийн банкнаас “Баруун бүсэд нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд зах зээлийн багтаамж орц гарцын судалгаа хийгдэж байна.

Энэ төсөл нь Бүс нутаг болон улсын хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг  бий болгох тэргүүлэх саналыг дэмжин дотоодын үйлдвэрлэлийн чадавх дээр суурилсан бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлж аймгийн стратеги төлөвлөгөө боловсруулах зорилготой.

Тус төслийн судалгааны баг  манай аймагт ажиллаж, статистикийн судалгааны материал цуглуулах 20 хүнийг сонгон авч, баг бүрдүүлэн 2 хоногийн сургалтад хамруулж  байна.

Төслийн сургалтыг  Баруун бүсийн ХАҮТ-ийн дарга С.Сэрчим, төслийн МАА-н бүтээгдэхүүний мэргэжилтэн Г. Ганбат, төслийн шинжээч мэргэжилтэн Ө. Эрдэнэчимэг нар явуулж байна.

Сургалтад хамрагдсан баг судалгааг  худалдаа, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагаас болон айл өрх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс анкетийн болон ярилцлагын арга ашиглан тоон судалгаа явуулах ажээ.

Иймд энэхүү судалгаанд идэвхтэй оролцож төрөлх аймгийнхаа хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлоход хувь нэмрээ оруулан гэдэгт ард иргэд, бизнес эрхлэгчид та бүхнээс хүсье.

Н.Ерлан

2018.05.08