МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 05-р сарын 09, 00:00

Аймгийн хэмжээнд гарч буй хил дамнасан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд олон нийтийн байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт сургалт зөвлөгөөн Ногооннуур сумын төвд зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнийг аймгийн ЗДТГазар, Цагдаагийн газар, Ногооннуур сумын ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн хэсэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай оролцож "Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо" сэдвээр мэдээлэл хийв.

Тэрбээр хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн онд аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн тохиолдлоор 70 гаруй адуу хил даван хулгайд алдагдсан. Үүний 28 нь Ногооннуур сумаас алдагдсан. Энэ сум зөрчил гарах эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. Тийм учраас хил зөрчигчийн үйлдлийг таслан зогсоох, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн удирдлагуудын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, зөрчил гарах хэсгүүдэд буюу хилийн зурваст дөрвөн километр торон хашаа татахад шаардлагатай 11 сая төгрөгийг шийдэж өгсөн” хэмээн онцолсон юм.

Н.Ерлан

2018.05.09