БОЛЗОШГҮЙ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 05-р сарын 14, 00:00

Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгуулагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах тухай ” сургалт, дадлага сургуулилтыг өнөөдрөөс эхлэн аймагтаа зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумын хил орчмын дагуу Орос-Монголын хамтарсан тандалт судалгааны ажил хийгдсэн ба тандалт судалгааны явцад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Зааг, Жаргалант гэх газруудаас цуглуулсан тарваганы үхдэлээс тарваган тахал өвчний үүсгэгчийг илрүүлэн байгалийн голомт идэвхтэй, хүн өвчлөх магадлалтайг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан тогтоосон билээ.

Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, аймгийн Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн газар хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр өнөөдөр энэхүү дадлага сургуулилтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтанд 6 аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эрхлэгч нараас гадна Онцгой байдлын алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын байцаагч мөн ОХУ-ын Эрхүү хот, Алтайн хязгаар, Кош-агач районоос тандалт тархвар судлалын болон халдвартын эмч оролцож байна.

 
Н.Ерлан
 
2018.05.14