Х.МУРАТАЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ТАНХИМЫГ УДИРДАНА

2018 оны 05-р сарын 16, 00:00

Өчигдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Баруун бүсийн ХАҮТ-ын дарга С.Сэржим тэргүүтэй ажлын хэсэг ирж Баян-Өлгий аймаг дахь салбар танхимын бүх гишүүдийн хурлыг хуралдуулж бизнес эрхлэгчдээс салбар танхимынхаа тэргүүлэгчид, дарга, ерөнхийлөгчийг сонгон дүрмээ баталлаа.

Тодруулбал: Бүх гишүүдийн хуралд танхимын гишүүн бүхий 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож Баян-Өлгий аймаг дахь салбар танхимын Ерөнхийлөгчөөр аймгийн Засаг дарга А.Гылымханыг, танхимын даргаар “Асгат Кент” ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Муратайг сонгон, 11 тэргүүлэгчтэй байсныг өөрчилж 15 тэргүүлэгчээр үйл ажиллагаагаа явуулахаар болж дүмээ баталсан байна. 

Тэрбээр өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөллүүдийг хүлээн авч уулзаж танхимын бодлого чиглэл, үйл ажиллагааны талаар болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран ажиллах боломж, тулгарч байгаа бэрхшээл, шийдвэрлэх гарцын талаар ярилцлаа.

Дашрамд хэлэхэд МҮХАҮТанхимын гол зорилт нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх явдал юм. 

Н.Ерлан
2018.05.16