“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018 оны 05-р сарын 16, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох зорилго бүхий “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл оролцож зам тээврийн ослын гарч буй шалтгаан, нөхцөл байдал, зөрчил дутагдал болон цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: Тус аймаг нь 102 мянган хүн амтай, аймгийн төв болох Өлгий суманд 36 мянган хүн амьдардаг, аймгийн хэмжээнд 19 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, өдөрт аймгийн төвд 4000-6000 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцдог юм. Гэвч 2009-2017 оны хооронд Цагдаагийн газарт нийт 377 осол хэрэг бүртгэгдсэнээс зам тээврийн ослоос үүдэн 85 хүний амь нас эрсдэж, 139 хүн гэмтэж бэртсэн үзүүлэлттэй байна. Тийм учраас бид цаашид анхааралдаа авч зам тээврийн ослыг бууруулах талаар урьдчилан сэргийлэх ажлыг цаг нөхцөл байдалд тохируулан хийх шаардлагатай гэв.

Өнөөдрийн зөвлөгөөнөөс бодлогын болон шийдвэр гаргах түвшний байгууллага мөн хэрэгжүүлэн ажиллах төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд хамтын шийдвэр, зөвлөмж гаргах ажээ.

Н.Ерлан
2018.05.16