Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй холбогдолтой асуулт, хариулт

2014 оны 04-р сарын 29, 00:00

Асуулт 1: Яамны нэгжийн дарга (менежер) болон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-ны "дараагийн шатны дарга" гэдэгт ямар албан тушаалтныг ойлгох вэ?

Хариулт:

“Менежер" гэж байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг ойлгоно. Жишээ нь, яамны газрын даргын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх албан тушаалтан нь Төрийн нарийн бичгийн дарга, дараагийн шатны дарга нь сайд, харин төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээнийн биелэлтийг дүгнэх албан тушаалтан нь менежер, дараагийн шатны дарга нь төсвийн шууд захирагч байна. Хэрэв газар дотор хэлтэстэй бол төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх албан тушаалтан нь хэлтсийн дарга, дараагийн шатны дарга нь газрын дарга байхаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулж болно.

Асуулт 2: Зохион байгуулалтын бүтэц нь тасаг, хэлтэс, газар гэсэн давхар бүтэцтэй яамны хувьд төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах болон биелэлтийг дүгнэх дараагийн шатны дарга нь ямар албан тушаалтан байх вэ?

Хариулт:

Зохион байгуулалтын бүтэц нь 2-оос дээш шатлалтай байгууллагын хувьд төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх болон дараагийн шатны албан тушаалтан нь хэн байхыг Төрийн албаны зөвлөлийн эдгээр журмаар нарийвчилж зохицуулаагүй. Гэхдээ байгууллагын тухайн үеийн албан ёсны бүтцийг харгалзан шатлан гэрээ байгуулахыг Хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулж болно.Аль ч тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх албан тушаалтан нь гэрээ байгуулсан албан тушаалтан байна.

Асуулт 3:Төрийн жинхэнэ албан хаагчийн Хувийн хэрэгт үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний материалыг хадгалах уу?

Хариулт:

Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний "Илтгэх хуудас"-нд төрийн жинхэнэ албан хаагчийн тухайн жилд хийсэн ажил, түүний үнэлгээг тусгадаг тул албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшил олгох зэрэг асуудлаар тодорхойлолт гаргахад чухал баримт болдог. Иймээс Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу Хувийн хэргийн бүрдэлд "Илтгэх хуудас"-ыг оруулахаар журамласан.  Харин үр дүнгийн гэрээг Хувийн хэрэгт хавсаргах шаардлагагүй.

Асуулт 4: Тайлант жилийн дундуур албан тушаалаасаа чөлөөлөгдсан болон шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

Хариулт:

Ажил дүгнэх  ёстой менежер нь тайлант  жилийн дундуур чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажилласан хугацааных нь гэрээний биелэлтийг "Илтгэх хуудас"-аар гаргуулан авч үнэлгээ өгнө.Түүний ажлын байранд шинээр томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч нь өмнө нь ажиллаж байсан албан хаагчийн гүйцэтгэсэн ажлыг оролцуулан гэрээний биелэлтийг бүтэн жилээр тайлагнана. Тухайн ажлын байран дээр   гүйцэтгэсэн ажлыг бүтэн жилээр бүрэн хэмжээнд гаргах зорилгоор журамд ийнхүү тусгасан юм. Харин тайлант жилийн дундуур шинээр бий болсон ажлын байранд үр дүнгийн гэрээг талууд шинээр байгуулна.

Асуулт 5: Менежер болон төрийн жинхэнэ албан хаагч үр дүнгийн гэрээний биелэлтээ дээд шатныхаа даргад улирал тутам ямар хэлбэрээр мэдээлэх вэ?

Хариулт:

Улирал тутам ямар хэлбэрээр мэдээлэхийг  байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна. Менежер болон төрийн жинхэнэ албан хаагч нар нь дээд шатныхаа албан тушаалтанд гэрээнд тусгагдсан нийт болон тусгай ажил, үйлчилгээнийхээ хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнах бөгөөд хагас жилээр тайлагнах тайлангийн загварыг мөн Хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулна. Шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасантай холбогдуулан  менежер болон төрийн жинхэнэ албан хаагч нар үр дүнгийн гэрээндээ тусгагдсан байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэгдсэн ажил, үйлчилгээний хэрэгжилтийг мөн хагас, бүтэн жилээр тайлагнах шаардлага шинээр тавигдаж байгаатай  энэ нь холбоотой.

Асуулт 6: Агентлагын орлогч дарга нартай  үр дүнгийн гэрээг хэрхэн байгуулах вэ?

Хариулт:

Одоо ТБУСТХ-ийн  47 дугаар зүйлийн 47.1-д "... ерөнхий менежер нь төсвийн байгууллагын албан хаагчтай... үр дүнгийн гэрээ ..." байгуулахаар заасныг баримтлан  агентлагийн дарга (ерөнхий менежер) нь орлогч (дэд) даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс саяхан зохион байгуулсан сургалтад оролцогчид энэ асуудлыг журамлах нь зүйтэй гэсэн санал гаргасныг харгалзан   холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бэлтгэж байна.Ойрын үед энэ асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг жич мэдэгдэх болно.  

Асуулт 7: Дотоод ажил, үйлчилгээнд үнэлгээг хэрхэн өгөх вэ?

Хариулт:

Менежер болон төрийн жинхэнэ албан хаагч дотоод болон нэмэлт ажил, үйлчилгээ хэрэгжүүлсэн бол тэдгээрийг нийт ажил үйлчилгээнд тооцож дүгнэнэ. Зарим төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд 100 хувь дотоод ажил, үйлчилгээ үзүүлдэг байж болох бөгөөд энэ тохиолдолд дотоод ажил, үйлчилгээнүүд дотроосоо  тусгай ажил, үйлчилгээг сонгож, биелэлтийг дүгнэнэ.

Асуулт 8: Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагчтай, мөн суманд ажилладаг босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээг ямар хэлбэрээр байгуулж, дүгнэх вэ?

Хариулт:

Аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь тухайн шатны Засаг дарга болон өөрийн харъяалагдах дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагчтай тус тус үр дүнгийн гэрээтэй ажиллана.Тухайн шатны Засаг дарга нь орон нутгийн босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор дээд шатны байгууллагад нь хүргүүлнэ. Энэ хугацаа нь жилийн ажлын үр дүн нь 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон тооцогддог татвар, нийгмийн даатгал зэрэг байгууллагын үйл ажиллагааны онцлогыг харгалзсан эцсийн  хугацаа бөгөөд аль болох тайлант жилдээ багтаан Засаг даргатай байгуулсан  гэрээний биелэлтийг дээд шатны байгууллагад нь хүргүүлж байх нь зүйтэй.  Дээд шатны байгууллагын төсвийн шууд захирагч нь өөртэй нь болон тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг нэгтгэн дүгнэнэ.Суманд ажилладаг босоо удирдлагатай төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, түүний биелэлтийг дүгнэх хэлбэр нь дээрхтэй ижил байна.