Төрийн албан хаагчийн цалин хөлстэй холбоотой зарим асуулт, хариулт

2014 оны 04-р сарын 29, 00:00

1. Төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтооход одоо баримталж буй хууль эрх зүй, тэдгээрийг хэрэглэх аргачлалын талаар мэдээлэл авах гэсэн юм?

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, төрийн захиргааны албан хаагч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоодог.

Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг,  2012 оны 78 дугаар тогтоолоор Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн баталж, мөрдүүлж байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас баталсан дээрх цалингийн сүлжээ, жишгийг баримтлан төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь төрийн албан хаагч бүрийн албан тушаал (үндсэн)-ын сарын цалинг тогтоох эрхтэй байдаг.

2.Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлсний ялгааны талаар тайлбарлаж өгнө үү? Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд нэмэгдэл, нэмэгдэл хөлсний үндсэн цалинтай харьцуулсан хувь, хязгаарлалт ямар хэмжээнд байх ёстой вэ?

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, 28.2.4-т заасан нэмэгдлийг "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, мөн "Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай" 2001 оны 90 дүгээр тогтоолоор тус тус баталсан журамд заасан болзол, нөхцөлийг хангасан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч авах боломжтой.

Харин төрийн үйлчилгээний албан хаагчид нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл болон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд нэмэгдэл хөлс авах эрхтэй.

"Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох тухай" Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын сарын цалин, бүх төрлийн нэмэгдэлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалт тогтоосон.

3.Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсийг хаанаас, хэдэн хувь байхаар тогтоодог вэ?

Боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1-д заасан болон Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хувь, хэмжээгээр нэмэгдэл хөлс авдаг. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д заасны дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоож байна. Боловсролын салбарын хувьд "Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолыг мөрдөж байна.

4. Цалингийн доод жишгийг хэрхэн мөрддөг вэ?

Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг тогтоохдоо Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод жишгээс доогуур тогтоож болохгүй. Харин төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн дээд жишгийг хэрхэн мөрдөх талаар Засгийн газраас тогтоосон эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй.

"Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн сүлжээний доод жишгийг өөрийн эрх мэдлийн хүрээнд нэмэгдүүлэн тогтоох эрхийг төсвийн ерөнхий менежерүүдэд олгосон. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох" бүрэн эрхийг төсвийн шууд захирагч нарт олгосон юм. Энэ эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхдээ дараах байдлыг харгалзах хэрэгтэй:

1/ Төрийн үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах учир Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасны дагуу байгууллага батлагдсан төсвийн хэмжээнд нийцүүлэн төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн сүлжээг тухайн шатлалын доод жишгээс дээгүүр тогтоож болно. Ингэхдээ албан тушаалын зэрэглэл хоорондын үндсэн цалингийн зохистой харьцааг алдагдуулахгүй байхыг анхаарах шаардлагатай бөгөөд өөрөөр хэлбэл, зарим албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг доод жишгээс нэмэгдүүлэн тогтоох биш, сүлжээний доод жишгийг нийтээр нь ахиулах замаар байгууллагын нийт албан хаагчдын үндсэн цалинг зохистой харьцаанд байлгах нь зарчмыг баримталдаг.

2/ Төрийн албан хаагчдийн цалингийн сүлжээ, доод жишиг нь албан тушаалын зэрэглэлд үндэслэсэн бөгөөд шатлалтай учир аль нэг зэрэглэлийн албан тушаалын үндсэн цалин түүний дараагийн зэрэглэлийн албан тушаалынхаас өндөр тогтоогдох тохиолдол байж болно. Гэхдээ ямар ч нөхцөлд тухайн зэрэглэлийн албан тушаалын цалингийн хамгийн өндөр шатлал нь түүний дараагийн зэрэглэлийн албан тушаалын цалингийн хамгийн өндөр шатлалаас ихгүй байвал зохистой.

3/ Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалинг тогтооход ажилласан жилийг шууд харгалзах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэхдээ анхлан төрийн албанд орж ажиллаж байгаа албан хаагчийн хувьд цалингийн сүлжээний хамгийн доод шатлалаас эхлэн үндсэн цалинг тогтоох нь зүйтэй. Цаашид тухайн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан шатлал ахиулан тогтоож байхаар Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмуудад тусгасан байна.