УУЛЫН БҮСИЙН ХИЛЧДИЙН УРЛАГИЙН ИХ НААДМЫН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

2018 оны 06-р сарын 04, 00:00

Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа авьяаслаг хилчдийг алдаршуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа уулын бүсийн хилчдийн урлагийн их наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2018.06.04/ аймгийн төв талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан нар үг хэлж, авьяаслаг хилчиддээ амжилт хүссэн юм.
Таван бүсэд зохион байгуулагдахаар төлөвлөгдсан уг арга хэмжээний гурав дахь нь буюу уулын бүсийн наадам Баян-Өлгий аймагт ийнхүү эхэлсэн ба тус арга хэмжээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан зэрэг баруун дөрвөн аймгийн хилийн цэргийн /0165, 0130, 0285, 0245, 0311, 0277/-р ангиудын уран бүтээлчид оролцож байна.
Урлагийн наадам хоёр өдөр аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт үргэлжлэх бөгөөд хилчид уртын дуу, ардын дуу, гоцлол дуу, найрал дуу, гоцлол болон хамтлаг бүжиг, үндэсний хөгжмийн хамтлаг зэрэг урлагийн 12 төрлөөр өрсөлдөх юм.
Мөн маргааш урлагийн наадмын хаалтын ажиллагааг хийж 15 цагаас орон нутгийн ард иргэдэд гала концерт үзүүлэх ажээ.
 
Н.Ерлан
2018.06.04