"БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ" СЭДЭВТ БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2018 оны 06-р сарын 07, 00:00

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас улсын хэмжээнд зохион байгуулах "Биеийн тамирын спортын эрх зүйн шинэчлэл-тогтвортой хөгжил" сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн Баян-Өлгий аймагт эхэллээ.

Бүсийн сургалт, зөвлөгөөнд баруун аймгийн биеийн тамир, спортын газрын удирдлага, нийгмийн бодлогын хэлтсийн БТС-ын асуудал хариуцсан мэргэжилтэн, багш дасгалжуулагч, арга зүйчид, нийт 120 гаруй төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнийг БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн Ph.D Ш. Долгор нар ерөнхий удирдлагаар ханган ажиллаж байгаа ба энэхүү сургалт, зөвлөгөөн 30 гаруй сэдвийн хүрээнд зохион байгуулагдах аж.

Тодруулбал " Тамирчдын хоол тэжээл, жин хасалт, цус өтгөрөлт, Энергийн систем ба дасгалжилт", "Допинг", "Дасгалжуулалтын төлөвлөлт, орчин үеийн чиг хандлага", " Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшингийн 2017 оны тайлан", "Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого", "Төр, төрийн бус байгууллагын харилцан уялдаа, цаашид авах арга зам" зэрэг сэдвээр явагдаж байна.

Дашрамд хэлэхэд Баруун бүсийн сургалт, зөвлөгөөнийг Баян-Өлгий аймагт 2018 оны 06 дугаар сарын 06-08 хооронд хийж, Төвийн бүсийн зөвлөгөөнийг Сэлэнгэ аймагт 2018 оны 06 дугаар сарын 11-13 хооронд , Хангайн бүсийн сургалт зөвлөгөөнийг Өвөрхангай аймагт 2018 оны 06 дугаар сарын 18-20-ны хооронд, Зүүн бүсийн зөвлөгөөнийг мөн адил Хэнтий аймагт 2018 оны 06 дугаар сарын 18-20 хооронд тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Н.Ерлан

2018.06.07