ӨЛГИЙ 4 ДҮГЭЭР БАГИЙН ЦЭВЭР УСНЫ ШУГАМЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

2018 оны 06-р сарын 07, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багт цэвэр усны магистраль шугам татах ажлыг хийж дуусган өнөөдөр улсын комисст хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ард иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай ундны усаар хангах тухай хэд хэдэн заалт тусгагдсан юм.

Энэ хүрээнд аймгийн төвийн томоохон багуудын нэг 700 өрх, 3200 хүн амтай, ундны усны асуудал хүндэрсэн Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт Барилга хот байгуулалтын сайдын багцаас 189 сая төгрөг шийдвэрлүүлж 1.3 км урт, 100 гаруй айл өрхийг цэвэр усаар хангах хүчин чадалтай магистраль шугам татууллаа.

Уг ажлыг чанарын өндөр түвшинд нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компани гүйцэтгэж өнөөдөр аймгийн дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавылаар ахлуулсан улсын комисст хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр гүйцэтгэгч Суат ХХК-ны захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Адалбекээс тодруулахад: “100 орчим айл энэ цэвэр усны шугамаас найдвартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай ундны цэвэр усаар хангагдах боломжтой, 50 гаруй айл холболт хийлгэх хүсэлт гаргаад байна цаашид хүсэлт гаргасан иргэдтэй харилцан тохиролцож хөнгөлөлттэй үнээр цэвэр усны шугамд холбож өгөх ажлыг эхлүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм.

 

Н.Ерлан

2018.06.07