“АЛТАЙ-БИДНИЙ НИЙТИЙН ГЭР” ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛДААН ХОВД АЙМАГТ БОЛЛОО

2018 оны 06-р сарын 08, 00:00

Алтайн бүс нутгийн /Казахстан, Хятад, Орос, Монгол/  хамтран байгуулсан “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хуралдаан  2017 оны 04 дүгээр сард БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрэмч хотод зохион байгуулагдсан бол энэ жил 15 дугаар хуралдааныг Ховд аймагт зохион байгууллаа.

Тус хуралдааны гол зорилго нь Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Алтай бидний нийтийн гэр” Олон Улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хуралдааны шийдвэр болон 2017 оны төлөвлөгөөг батлах, Олон Улсын зохицуулах зөвлөлийн ээлжит даргалагч тал болон 2018 оны ажлын хурлыг зохион байгуулах газрыг тогтоох аж.

Хуралдаанд БНХАУ, ОХУ, Казахстан улс, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нийт 50 гаруй төлөөллүүд оролцсон юм.

 “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15 хуралдааны хүрээнд оролцогч талууд өнгөрсөн 15 таван жилийн хугацаанд Их Алтайн бүс нутагт хил дамнасан харилцан ажиллагаа явуулсан үр дүнгийн тухай илтгэл хэлэлцүүлж, бүс нутаг хоорондын цаашдын хамтын ажиллагаа, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, боловсрол, хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, нийгэм-соёлын харилцааны талаар санал солилцов.

Хурлын үр дүнд “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг 2025 он хүртэл зохицуулах үзэл баримтлал боловсруулах, түүнд тусгагдсан бүс нутгийн нэгдсэн интеграцчиллын орон зайг бий болгоход хамтарч ажиллахаар санал нэгдэж “Алтай-Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг 2019-2020 онд даргалагч бүс нутгаар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсыг сонгож, зөвлөлийн дараагийн ээлжит хуралдааныг 2020 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн  тус зөвлөлийн дэргэд оролцогч талуудын эдийн засгийн байгууллагуудын дарга нараас бүрдсэн бүс нутгийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжүүлэх зорилготой “Их Алтайн Эдийн засгийн зөвлөл” байгуулах тухай шийдвэрийг дэмжсэн байна.